Г.Эрдэнэтуяа: УИХ-ын гишүүд өөрсдөө очоод иргэдэд буруу ташаа мэдээлэл өгдөг

2025-09-23 17:001min
erdenetuya

“Халзан бүрэгтэй” ордтой холбоотой асуудлаар Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Олон талын байр суурь болон өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүнг сонсож, эргэлзээтэй асуудлууд дээрээ хариулт авч чадлаа. Оролцогч талууд нэгдсэн нэг ойлголттой болоод энэ хэлэлцүүлгээс гарах байх гэсэн хүлээлттэй байна.

Манай салбарт тулгамддаг том сорилтыг энд харж байна. Төр хөрөнгө оруулагчдыг урьж ирээд зөвшөөрөл өгчихдөг. Нөгөө талд үйл ажиллагаагаа явуулах гэхээр төрийн алба хаагчид тэр тусмаа УИХ-ын гишүүд өөрсдөө очоод иргэдэд буруу ташаа мэдээлэл өгдөг.

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхайн компаниуд нийт газар нутгийн 0.25 хувьд үйл ажиллагаагаа явуулж, усны хэрэглээний 18 хувийг ашигладаг. Уул уурхайн компаниуд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад томоохон үүрэг гүйцэтгэж байна. Төрийн байгууллагаас гаргасан дүгнэлтүүдийн зөрүүтэй байдал нь энэ үл ойлголцлыг нэлээд хүндрүүлж байна гэж харж байна.

Иймд энэ сонсголд оролцсон оролцогч талуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, холбогдох байгаль орчны хөндлөнгийн судалгааг хийж, нэлээд хэдэн лабораторийг сонгон дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаж байна. Халзан бүрэгтэй орд нь хариуцлагатай уул уурхай нь кодекст нэгдсэн байдаг. Хамтын оролцоотой мониторингийг орон нутгийн иргэдтэй хамтраад хийгээд явбал өнөөдрийн нэг нэгэндээ итгэхгүй байгаа байдал нэг талдаа гарах болов уу.

Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаагаа явуулах боломжоор нь хангаж өгөх ёстой” гэлээ.