МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхий сайд Г.Занданшатар талд 43, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан талд 25 гишүүн гарахаар байна

Ардын намынхан УЗ өнгөрсөн амралтын өдөр хуралдаж дараагийн даргаа тодруулах Бага хурлын товоо гаргалаа. Бага хурлаас хэрвээ намын даргаа томилно гэвэл 360 гаруй гишүүдийн 2/3-ийн саналыг авах ёстой. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэсэн хоёр хүч тэнцүү өрсөлдөгчдийн аль нэг нь ийм өндөр санал авна гэдэг хэцүү юм. Тиймээс намын даргын асуудлыг Их хурал руугаа түлхэх хандлага илүү ажиглагдах байх.
Тэгвэл одоо дор бүрнээ кноп тоолох ёстой болно. Бага хурал бол ойлгомжтой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхийлөгчийн талынхан илүүтэй Бага хурлын гишүүнээр байдаг. Хуучин Ерөнхий сайд болон одоогийн Ерөнхий сайдын хүмүүс бага зэрэг шингэсэн нь бий. Дээр нь Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Сү.Батболд зэрэг хуучин лидерүүдийнх нь тодорхой хэсгүүд Бага хуралд гишүүнээр байдаг.
Харин МАН-ын Их хурал дээр асуудал ярих дээрээ тулбал их сонирхолтой үйл явдлууд өрнөх нь гарцаагүй. Нэгдүгээрт, аймаг болон дүүргийн намын хорооны дарга нар “Од” болно. Өөрөөр хэлбэл, ихэнх намын хорооны даргаар УИХ-ын гишүүд болон тэдний яг шууд удирдлага дор байдаг хүмүүс ажиллаж буй. Тиймээс гишүүдийн нөлөөлөл, оролцоо илүү өндөр түвшинд очно гэсэн үг юм.
Тэгвэл МАН-ын даргын асуудал болон ЗГ-ын огцрох эсэхийг шийдэх хувь заяаг шийдэх боломжтой хамгийн том хүч бол парламент дотор бий юм. Ямар ч улс төрийн намын том улс төр парламент дотор, УИХ-ын гишүүдийн гар дээр өрнөдөг. Энэ утгаараа МАН-ын даргад өрсөлдөж буй хоёр тал дор бүрнээ гишүүд рүү “ажиллаад” эхэлсэн нь гарцаагүй. Харин өнгөрсөн хавар Ерөнхий сайд Г.Занданшатарыг сайдуудаа томилохынх нь өмнө гарын үсэг зурж, ТББ руу хууль тогтоогчийн хувиар бичиг өгч байсан 30 гишүүн хэвээрээ байна уу. Нэмэгдсэн үү, хасагдсан уу гэдгийг хамтдаа тоолж үзэцгээе.
Нөхцөл байдлыг харахад Ерөнхий сайд талд нь 40 гаруй гишүүд гарч, УИХ-ын дарга талдаа 25 гишүүн гарах магадлалтай харагдаж байна.
Гишүүд хоёр талд гарахад хэд хэдэн зүйлүүд нөлөөлж байна. Нэгдүгээрт, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам тэргүүтэй Засгийн газарт багтсан сайдууд кабинетын тэргүүнээ дагана. Учир нь тэдэнд буцах зам байхгүй. Мөн Н.Учрал, Б.Жавхлан, Г.Дамдинням нар улс төрийн замналаараа бооцоо тавьчихсан явж байгаа. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн квотоор орж ирсэн түүний талын бүх хүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжинэ. Мөн МАХН-аа аваад 2021 оны сонгуулийн өмнө МАН-д элссэн Н.Энхбаяр талынхан бүхэлдээ засаг талд гарах байх. Н.Энхбаярын эхлүүлсэн энэ намрын улс төрийг харахад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тал руу эргэж харахааргүй хэмжээнд очсон гэж харж болохоор байна.
Эдгээрээс гадна MCS талд “ажилласан” гэж хардагдсан Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Уянга нар ч гэсэн Ерөнхий сайдын талд орох байх гэж эх сурвалжууд таамаглаж байна.
Тэгвэл УИХ-ын дарга талын хүмүүс яагаад багасав гэдэг сонирхолтой. Хамгийн том шалтгаан нь багагүй гишүүд засаг дагаад явсантай холбоотой гэж дүгнэж болохоор байна. Уг нь хаврын чуулган хаах мөчид 30 гаруй гишүүд энэ талд явж байсан. Тэгвэл одоо Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын даргын квотоор орж ирсэн шахуу 25 гишүүн энэ талд гарч мэдэхээр байна. Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ хоёр харин энэ талд байгаа нь сонирхолтой харагдаж байна. Учир нь Б.Бат-Эрдэнэ бол аль ч талтай нь ойлголцож явж ирсэн. Гэвч эцсийн сонголт нь Л.Оюун-Эрдэнэ тал байсан бололтой. Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд өнгөрсөн хавар засаг шинэ засаг бүрдсэний дараа Ерөнхийлөгчийн бодлогыг сөрж МАН-ын бүлгийн даргад нэр дэвшин сонгогдсон юм. Түүнийг нэр заалнаас дэвшүүлэхээс эхлээд сонгогдох бүх үйл явцын ард УИХ дарга байсан нь гэдэг.
За ямар ч байсан байдал хүндрэхэд МАН-ын бүлгийн 68 гишүүн ийм байдлаар хоёр талд гарах магадлалтай байна. Хэрвээ Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндвөл, эсвэл төсвийн хууль дээр санал хураахад энэ хана МАН дотор өрнөнө. Араас нь бусад намуудыг татаж тоглох үйл явц өрнөх ёстой. Эдгээрээс гадна Ардын намын даргын асуудал хэрвээ Бага хурал биш Их хурал руугаа явбал эдгээр гишүүдийн оролцоо хамгийн ихээр гарна гэдгийг дахин нэг сануулах нь зүйтэй.
Эх сурвалж: https://ubn.mn/p/89068