Хүннү хотыг цахилгаанаар хангах дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-09-10 12:201min
ba0be4a001807ea89e4f3212f7c40c65 (1)

Төв аймгийн Сэргэлэн сумын Шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг барьж буй.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус газарт ажиллаж, хотын бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн явцтай танилцжээ.

Хүннү хотын цахилгаан хангамжийн ажил 86 хувь, ус хангамж 80 хувь, үерийн хамгаалалтын суваг 75 хувь, мэдээлэл холбоо 65 хувь, ариутгах татуурга болон дулаан хангамж 10 хувийн гүйцэтгэлтэй байна.

Т.Даваадалай хэлэхдээ, “Дэд бүтцийн ажлыг ирэх жил дуусгах, хөрөнгө оруулагчдыг татах ажлыг зохион байгуулах шаардлагатай.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам эрчимтэй баригдаж байгаа бөгөөд Хүннү хотод бараа материал тээвэрлэх логистикийн төв байгуулна.

Логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тул сонгон шалгаруулалт зарлана. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс газрын гүний дулааны судалгааг хийж, амжилттай болох магадлал 90 хувиас дээш гэсэн дүгнэлт гарсан” гэлээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг дөрвөн дагуул хоттой байхаар төлөвлөсөн. 2040 он гэхэд эдгээр хотод нийт 500 мянган хүн оршин сууна. Хүннү хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, логистикийн том төв болон хөгжих боломжтой. Хотод 80 мянган ажлын байр бий болно” гэж мэдээлэв.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч М.Батбаяр, Хотод төрийн захиргааны байгууллагууд төвлөрч, их, дээд сургуулийн салбарууд болон оюутны хотхон байгуулагдана. Ингэснээр 30 мянган хүний боловсрол, ажиллах боломж, орон сууцны асуудлыг зохион байгуулах боломжтой. Мөн Хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн онцлогтой хамт хөгжинө гэдгийг онцлов.

Хүннү хотын дэд бүтцийн ажил нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ухаалаг, ногоон, тогтвортой хотыг бий болгох зорилготой үргэлжилж байна.