П.Наранбаяр: Багш нарын ачааллын нэмэгдэлд 100 тэрбумыг төсөвлөсөн

2025-09-03 08:05
487829053_971706168471989_3920426037897900549_n

“Бид 2026 оны төсөв дээр нэлээд сайн тооцоо хийсэн юм. Ямар ч байсан эхний ээлжинд 100 тэрбум төгрөгийг зөвхөн багш нарын ачааллын нэмэгдлийг олгоход зориулан хувьсах зардлаар нь дамжуулж олгоно. Одоогийн байдлаар ирэх оны төсөвт багш нарын цалингийн зардлыг тусгасан. Хувийн сургуульд хувьсах зардлыг улсаас олгох асуудал хуультай. Өнөөдөр 70 гаруй мянган хүүхэд хувийн сургуульд суралцаж байна. Нэгдүгээрт, энэ хүүхдүүд сонголтоороо суралцаж байгаа. Бид Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу хувьсах зардлыг олгож байгаа. Аль ч улс оронд сурах орчныг бүрдүүлэх хувьсах зардлыг олгодог. Нөгөө талдаа боловсролын салбарт хөрөнгө оруулалт учраас дэмжих ёстой” гэв.

Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдааны үеэр /2025.08.18/ Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөхдөө “Сургуулийн сурагчийн тоо 30 гаруй мянгаар өсч байгаатай холбоотойгоор сургуулийн анги танхим түрээслэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн асуудал тулгамдаж байна. Нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32,9 тэрбум төгрөгийн зардал, 2025 оны 9-12 сард 14,3 тэрбум төгрөгийн түрээсийн байрны зардал гарахаар байна.

Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай сургуулийн долоон барилга, 400 орны хүчин чадалтай таван цэцэрлэгийн барилга, 280 орны хүчин чадалтай нэг цогцолборын барилга, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байрны барилга, сургуулийн нэг спот заалны барилга, их сургуулийн нэг спортын барилга шинээр ашиглалтад орсон.

Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, ширээ сандлыг Азийн хөгжлийн банкны төслөөр худалдан авч нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичгийг хүлээж байна. Сургуулийн нэгдүгээр ангид 78 мянга гаруй хүүхэд элсэх бол 2-5 дугаар ангийн сурагчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ. Энэ сарын эхэнд авсан мэдээллээр цэцэрлэгт 1000 гаруй, сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш болон тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Холбогдох яамдууд, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хамтран багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, ойрын хугацаанд холбогдох тооцооллыг хийж Засгийн газарт танилцуулна” гэдгийг хэлж байсан юм.