Энэтхэгийн Баруун Бенгалын нэгэн эмнэлэгт энэ сарын 16-нд 26 настай Руни Хатун хэмээх бүсгүй бие нь суларч, ядарч тамир тэнхээгүй болсон гэсэн зовиуртай иржээ. Хоол идсэнийхээ дараа байнга бөөлжих болсон тул түүнийг эмнэлэгт авчирсан байна.
Эмч нар бүсгүйд хагалгаа хийж, ходоодноос нь хүзүүний 69 гинж, 80 ээмэг, 46 зоос, 8 кулон, намын 11 хатгуур, 4 түлхүүр, хөлний 5 бугуйвч, 1 циферблат гарган авчээ. Үнэт эдлэлийн нийт өртгийг тооцвол $67 000 болно.
Бүсгүйн ээж гэрээс нь үнэт эдлэл алга болж эхэлснийг анзаарсан ч охиноо залгидаг гэж огт бодож байгаагүй гэнэ. Түүний хэлснээр охин нь ахынхаа дэлгүүрээс үнэт эдлэл авдаг байсан бөгөөд гоёл чимэглэл нь алга болсон тухай ярих гэхээр шууд уйлчихдаг байсан гэжээ.
Эмч нарын мэдээлснээр ихэнх гоёл чимэглэл нь зэс, хүрлээр хийсэн боловч дотор нь алтан эдлэл ч байсан аж. Мэс заслын тасгийн эрхлэгч доктор Сиддхарта Бисвас өвчтөн бүсгүй маш ихээр туйлдан ядарч, юм ч идэж чадахгүй болсон байсан гэж мэдэгдсэн байна.
“Манай эмнэлэгт ирэхдээ энэ бүсгүй бие нь маш ихээр суларч, турж эцсэн байсан. Цусан дахь альбумин, гемоглобины үзүүлэлт нь маш доор гарсан болохоор бид шууд мэс засал хийж чадаагүй. Түүнд таван удаа цус сэлбэхээр хүнд байсан” гэжээ.
Өвчтөн бүсгүйн биеийн байдал алгуурхан сайжирч, долоо хоногийн дараа мэс засал хийсэн байна. Одоо түүний биеийн байдал хэвийн гэнэ.
Энэ бүсгүй пизацизм буюу амтны этгээд мэдрэмжтэй юм байна. Энэ эмгэгийн үед хүн хүнсэнд хэрэглэж болохгүй зүйл хэрэглэж үзэх хүслээ дийлж чаддаггүй байна. Тухайлбал, чулуу, элс, будаг, шороо, шохой, шавар идэж үзэх хүсэл төрдөг аж. Пикацизм нь сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд илүүтэй тохиодог байна.
Эх сурвалж: lifter.com.ua