Амралтын дараа ажилдаа ороход стресс нэмэгддэг

2025-08-26 12:30
amralt

Ихэнх хүн ажлын ширээнийхээ ард моддын сэрчигнэх, голын хоржигнох чимээг үгүйлэн, аялал, амралтын таатай мөчөө санагалздаг

Өглөө бүр жингэнэх сэрүүлгийн чимээ, өдрийн турш гүйцэтгэх ёстой үүрэг бүхий урт жагсаалт, ажлын цагтайгаа уралдан хурдлах олны хөл, шил даран хүлээх түмэн хариуцлагаас түр засварлаж, амьдралыг “амтлах” боломжит хугацаа бол ээлжийн амралт. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа эрс өөрчилж, оршихуйгаа анирдан, хобби, гэр бүл, найз нөхдөдөө цаг гарган, аялалд гарч, агаар, салхи мэдэрч, үд хүртэл унтаж, үүрэг бүхнээ умартах урт амралт хэн бүхэнд аз жаргал мэдрүүлдэг нь гарцаагүй. Гэвч эдгээр өдрүүд ч хугацаатай. Ажилдаа орж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж, цагтай, өөртэйгөө уралдан, хурдлах өдрүүд дахид л үргэлжилнэ.

Урт амралтын дараа ажил, амьдралын энгийн хэмнэлдээ шилжиж, хариуцлага, үүрэгтээ дадах нь ихэнх хүний хувьд амаргүй сорилт байдаг аж. Хэдийгээр амралтын хугацаанд тархи, сэтгэл амарч, биеийн хийгээд сэтгэл зүйн эрүүл мэнд сайжирдаг ч эргээд ажилдаа орох үед стресс, сэтгэл гутрал зэрэг сөрөг сэтгэл хөдлөл амралтаа авахаас өмнөх үеийнхээс ч нэмэгддэг байна. Учир нь ихэнх хүн ажлын ширээнийхээ ард моддын сэрчигнэх, голын хоржигнох чимээг үгүйлэн, аялал, амралтын таатай мөчөө санагалздаг байна. Түүнчлэн өглөө эрт чингэнэх сэрүүлгийн дуу ажилчдын хувьд хамгийн том дарамт мэт санагддаг аж. Тиймээс урт хугацааны амралтын дараа хэрхэн хуучин амьдралын хэв маягтаа шилжиж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах талаарх зөвлөгөөг хүргэе.

Аяллын ширээний араас ажлын ширээнд шилжихээс сэргийлээрэй

Аялал, зугаалгын дараа гэртээ нэгээс хоёр өдөр өнжиж, урьдын хэв маягтаа шилжих хугацааг өөртөө олгох шаардлагатай аж. Энэ нэмэлт цаг нь стрессийг бууруулахад тусалж, аяллын ширээний араас шууд ажлын ширээнд шилжсэн мэт мэдрэмж төрүүлэхээс сэргийлэх боломжтой. Түүнчлэн зугаалгын дараа шууд ажилдаа орох нь ядаргаанд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Дурсамжаа аргамжих нь тустай

Ажлынхаа ширээ, эсвэл ажиллаж байгаа орчиндоо аяллынхаа дурсамж, мэдрэмжийг хөглөх эд, хэрэгслийг авчрах нь урам, зориг сэргээхэд тусалдаг байна. Учир нь угаалгасан зураг, бяцхан эд хэрэгсэл гэхчлэн аялж байхдаа өөртөө бий болгосон аль нэг зүйлээ өөрт ойр байлгах нь хэсэг хугацааг аз жаргалтай өнгөрөөсөн болохыг нь сануулж, сэтгэл ханамжтай мэдрэмж төрүүлдэг байна. Ингэснээр ажиллаж, хөдөлмөрлөх хангалттай цэнэгээ тухайн мөчөөс авч чадсан мэт мэдрэгдэх нь элбэг аж.

Шинэчлэл зөв сонголт

Хүний тархи, сэтгэл зүй шинэ зүйлийг хийж, турших үед сэргэж, таатай мэдрэмжээр хөглөгддөг байна. Тиймээс ажилдаа орсон даруй ямар нэг шинэ зүйлийг эхлүүлэх шаардлагатай. Тухайлбал, шинээр нээгдсэн ресторанаар үйлчлүүлэх, шинээр нээлтээ хийсэн кино, жүжиг үзэх, шинэ хоббитой болох гэхчлэн жижиг зүйлээс ч эхлэх боломжтой юм.

Ачааллаа хөнгөл

Ажилдаа ормогцоо толгой өндийх аргагүй их үүрэг, хариуцлагаар өөрийгөө “дарж”, хэт хичээх нь урт хугацаандаа юугүй ажлаас халшрах хам шинж (burnout)-д өртүүлэх эрсдэлтэй аж. Тиймээс бага, багаар өөрийгөө дасгаж, илүү цагаар ажиллахаас татгалзаарай. Түүнчлэн амралтын өдрүүдийг сэтгэл хангалуун өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ингэснээр ажилдаа хурдан дасаж, ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх боломжтой аж.

Эх сурвалж: Eagle.mn