ГБХНХЯ: Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, сэтгэлзүйч хамтран туслалцаа үзүүлснээр салалтыг бууруулах ач холбогдолтой

2025-08-23 13:30
0__1637749230

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт сэтгэлзүйч ажиллаж эхэлжээ.

Тодруулбал Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ)-наас Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-тэй “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичиг” байгуулсан байдаг.

Энэ санамж бичгийн хүрээнд гурван дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс сэтгэлзүйч ажиллуулж эхлээд байгааг ГБХНХЯ-наас мэдээлсэн юм.

Шүүхээс эвлэрэх хугацаа олгогдсон гэрлэгчдэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлснээр гэр бүлийн салалтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж тус яам онцолсон байна.

Монгол Улсын шүүхийн 2024 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнээс үзвэл улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэсэн 73,727 хэргээс Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 6,520 буюу нийт хэргийн 8.8 хувийг эзэлж байна.
Үүнээс 3,468 хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд шийдвэрлэж, дээрх төрлийн нийт шийдвэрлэсэн хэргийн 53.2 орчим хувийг эзэлж байна.