Швейцарийн БОЯ ны ойн эмгэг судлаач Виванни Дубах өнгөрсөн жил “Мандах наран” ТББ байгуулж , хүнд нөхцөлд ажиллаж амьдарч буй Монголын өрх толгойлсон ээжүүдэд зориулан “Гэр” төслийг хэрэгжүүлж эхлээд 1 жилийн хугацаа өнгөрчээ. Түүнтэй сайн үйлсийн төслийн ажлаараа дахин Монголд ирээд байгаатай нь таарч бид ярилцлаа.
– Та бидэнд өөрийгөө танилцуулаач?
– Намайг Виванни Дубах гэдэг. Би Швейцарь улсын иргэн. Швейцарь дахь Мандах наран ТББ ын тэргүүн. Монголд чиглэгдсэн төслөө хэрэгжүүлэхээр сүүлийн хэдэн жил ирж байна.
– Яагаад Монгол орныг сонгох болов. Тус ТББын үйл ажиллагаагаа танилцуулбал?
-Хммм, яагаад Монгол Улсыг сонгосон бэ гэж үү? Зүрх сэтгэлээрээ л Монгол хүмүүс, энэ нутагтай холбогдсон байх. Учир нь хүний амьдралд маш олон сонин учралууд тохиолддог шүү дээ. Тухайлбал би 19хэн настай байхдаа энэ сайхан орноор анх удаагаа ганцаараа аялж байсан. Үүнтэй маань ч салшгүй холбоотой байх. Ер нь сэтгэлийн дуудлагаар л энэ төсөлт ажлуудаа санаачлан сайхан сэтгэлт хүмүүстэй хамтран эхлүүлж байна.
-Одоо Монголд ямар ажил хэргээр ирсэн байна вэ?
– Гэр төслөө хоёр дахь удаагаа хэрэгжүүлэхээр ирлээ. Энэ төсөл нь өрх толгойлсон ээжүүдэд чиглэгдсэн бөгөөд бидний өчүүхэн дэмжлэг хүнд нөхцөлд амьдардаг, өөрсдийн гэсэн орон гэргүй, амьжиргааны төвшин тун доогуур эдгээр ээжүүдийг гал голомтоо бадраах Гэртэй болгож байгаад оршиж байгаа юм. Өнгөрсөн жил бид 3 ээжийг гэртэй болгосон бөгөөд энэ жил энэ тоогоо ахиулахыг эрмэлзэж байна.
-Төсөлд тань хичнээн ээж хамрагдсан бэ?
-Одоогийн байдлаар судалгаанд бүрэн хамрагдсан ээжүүдтэйгээ биечлэн уулзаж байна. Бид багаараа ээж тус бүрийн нөхцөл байдалтай танилцсаны дараа сонголтоо хийж тухайн өрх айлд гэрээ хувиарлан өгдөг. Ер нь бол бие биенээ мэдрэх тэр халуун сэтгэл бас итгэлцэл дээр л бидний сонголт хийгддэг гэхэд болно. Жишээ нь, “Гэр” төслийн маань ээжүүдийн нэг нь Нар-мандах нэртэй байсан. Яг л нар мандах шиг сайхан инээмсэглэлтэй нэгэн сайн ээж. Юу ч гэмээр юм бэ дээ хувь зохиолоор бид учраад байгаа ч юм шиг.
– Танай төслийн зорилго зөвхөн өрх толгойлсон ээжүүдэд туслах гэж ойлгож болох уу?
– Тийм ээ. Бидний зорилтот бүлэг бол эдгээр ээжүүд. Үр хүүхдийнхээ төлөө хүнд хэцүүг даван туулж чадахынхаа хэрээр ажиллан хөдөлмөрлөж буй ээжүүд тэдний хүүхдүүдэд жаахан ч гэсэн сэтгэлийн дэмжлэг өгөх нь бидний зорилго. Хүмүүс асуудаг юм. Та нар яаж хяналт тавьдаг вэ гэж. Бид сонгосон ээжүүддээ бүрэн итгэдэг. Бид огтхон ч эргэлздэггүй шүү.
-Өөр төсөл бас эхлүүлж байгаа гэж сонслоо. Энэ талаараа яриач?
– Байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг бууруулах, хог хаягдлын дахин боловсруулалт гэсэн хүрээн дор ‘ Woman Start up ‘ хөтөлбөрөө эхлүүлэх гэж байна.
-Хэр удаан үргэлжлэх вэ?
-Энэ төсөл хэр урт удаан настай байх гагцхүү ээжүүдээс минь шалтгаална. Тэд хэр үр дүнтэй хамтдаа суралцаж хөгжиж чадна төдий чинээгээр өөрсдөдөө ажлын байр бий болгож амьжиргаагаа дээшлүүлэх, мөн бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж цаашдаа олон сайхан ээжүүдийн түүчээ болно гэдэгт итгэж байна.
-Тэгвэл төслийн үр дүнгээ юу гэж харж байна?
-Дээрх хэлсэнтэй л адил. Аа бас төсөл бидний зорьсон шиг үр дүн өгөхгүй ч байж магад. Гэхдээ л бид үр дүнд хүрнэ. Яагаад гэвэл бид цөөхөн хэдэн ээжүүдийнхээ хандлагыг өөрчлөхөд л тэд бусдадаа мөн адил эерэгээр нөлөөлнө. Энэ бол маш том үр дүн.
-Яагаад заавал энэ төслийг хийж байгаа юм бэ. Гол зорилго нь үнэхээр юу вэ?
-Товчхондоо бол энэ дэлхий дээр хүн болж төрнө гэдэг сайхан зүйл. Бид сайн сайхныг бүтээж бие биенээ хайрлаж амьдрах хэрэгтэй. Намайг 10аад жилийн өмнө анх Монголд аялахад энэ нутгийн бүх зүйлс халуун дулаанаар өлгийдөн авсан. Тэр үед би жаахан охин байж. Нэлээд хэдэн жилийн дараагийн Виванни арай өөр зүйл хүсдэг бие даасан эмэгтэй болсон юм болов уу даа. Зүгээр л өөрийнхөө сонирхлоор жижиг гоёл чимэглэл хийж эхэлсэн. Түүнийгээ өөрийнхөө оронд худалдаж борлуулаад мөнгөө цуглуулсан. Тэр үедээ би нэг ээжид өгөх гэрийн мөнгөтэй Монголд очно л гэсэн бодолтой байсан болохоос 3 ээжид хүрэлцэхээр хэмжээний мөнгө хуримтлуулснаа мэдээгүй байв.
-Аан за тэгвэл тэр үеэс л өнөөдрийн төслүүд урган гарчээ ?
-Тийм шүү, буцаж нутагтаа ирээд үүнээс илүү зүйл хийж чадах юм байна гэсэн итгэлээр ТББ-аа байгуулж өөртэйгөө сэтгэл нэгтэй анд найз нараа нэгтгэсэн. Гэр хүлээж авсан ээжүүдийн надад өгсөн мэдрэмж төсөөлж ч байгаагүй тийм сайхныг мэдрүүлсэн.
-Эргээд Гэр төслийн тухай асууя. Энэ жил хэдэн гэр бэлэглэх гэж байна вэ?
-Одоогоор 8 гэр гэж тооцоолж байна. Гэхдээ бид зөв хүнээ сонгож тэднийгээ дэмжих ёстой. Аль болох тэдэнтэйгээ дотносож найз нөхөд болох нь бас чухал.
-Та бүхэн төслийг явуулахын тулд судалгаа хийсэн байх, манай улсад хэдэн өрх толгойлсон ээжүүд байдаг вэ?
-Бид мэдээж судалсан. Гэхдээ тоо баримт гэхээс илүүтэй бодот байдлын үнэлгээ судалгаа илүү чухал санагддаг. Тэгээд ч тоо баримтын судалгаа маш зөрүүтэй байдаг юм байна лээ.
-Өрх толгойлсон ээжүүд амьдралаа ганцаараа аваад явдаг. Хүүхдүүдээ сургаж амьдралын төлөө зөв хүн болгох гэж зүтгэдэг?
-Тийм шүү. Бидний судалгаанд оролцсон ээжүүдийн дийлэнх нь 2 ба түүнээс дээш хүүхэдтэй. Группын тэтгэвэр, хүүхдийн халамжийн мөнгө, мөн тэжээгчээ алдсаны тэтгэврээрээ амьдарч байна. Мэдээж хажуугаар нь бага сага цагийн ажил хийж орлогоо олдог.
-Төслийн санхүүжилтээ яаж бүрдүүлсэн бэ?
-Бидний төсөв 3 хэлбэрээр бүрдсэн. 1 дүгээрт- цэвэр хандив. 2 дугаарт Швейцарийн эмэгтэйчүүдийн гар урлалын сайн дурын холбооны хандив. 3 дугаарт бид хандив цуглуулах эвэнтийг өөрсдөө төрөл бүрээр зохион явуулж хандив бүрдүүлсэн.
Мөн энд нэгэн зүйлийг заавал дурдах хэрэгтэй. Монголчууд маань өөрсдөө нэг үеэ бодоход хүмүүнлэгийн ажлыг ойлгодог идэвхтэй оролцдог болжээ. Үүний нэг жишээ саяхан бидэнд тохиолдлоо. Аливаа зүйлийг эхлүүлэхэд саад бэрхшээл тулгардаг. Түүнийг бид хамтын хүчээр даван туулдаг шүү дээ. Өчигдөрхөн тулгарсан санхүүгийн асуудлыг маань монголын олон сайхан найз нөхдүүд маань хамтдаа шийдвэрлэж ээжүүдийг минь дэмжсэнд бид маш их баяртай байнаа. Монгол Швейцарийн бүх найзууддаа чин сэтгэлээсээ баярлаж байна.
Хөрөнгө мөнгө, ашиг сонирхолдоо биш хамтдаа суралцаж урагшлах нь чухал. Сайн сайхан зүйлс илүү олон байгаасай гэж хүсдэг. Тийм ч учраас би ийм ажил хийж байгаа юм. Бидний ажлыг олонд таниулж байгаа танд баярлалаа.