Өмнөд Солонгос хил дагуу байрлуулсан суртал нэвтрүүлгийн чанга яригчуудаа буулгаж эхлэв

2025-08-05 11:00
f9615s_skorea_loudspeakers_x974

Өмнөд Солонгосын цэргүүд өчигдөр буюу Даваа гарагт хоёр Солонгосын хил дагуу байрлуулсан суртал нэвтрүүлгийн чанга яригчуудаа буулгаж эхэлжээ.

Энэ нь тус улсын шинэ ерөнхийлөгч И Жэ Мюний хоёр Солонгосын сөргөлдөөнийг намжаах зорилгоор авч хэрэгжүүлсэн хамгийн бодитой алхам болж байна.

Саяхан Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон тус улс өмнөд хөрштэйгөө ямар ч яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлгүй байгааг хатуу анхааруулж байв.

Хоёр сар орчмын өмнө Өмнөд Солонгосын тал Умард Солонгосын нутаг дэвсгэрт суртал нэвтрүүлэг цацахаа зогсоосон юм.

“Энэ бол байлдааны бэлэн байдалд нөлөөлөхгүйгээр Солонгос хоорондын хурцадмал байдлыг намжаах бодит арга хэмжээ юм” гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ.

Хоёр улсыг тусгаарласан 250 км урт хилийн зурвасын 20 цэгт ийм чанга яригчуудыг байрлуулсан байдаг тул тэдгээрийг буулгах ажил долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байна.

Хилийн нөгөө талд Умард Солонгос бас суртал нэвтрүүлгийн чанга яригч төхөөрөмжүүд ашигладаг.

Одоогоор тэдний тал ижил арга хэмжээ аваагүй байна.

“Умард Солонгос чанга яригчуудаа засварлаж байгаа нь харагддаг ч одоохондоо буулгах шинж тэмдэг ажиглагдахгүй байна” гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хамтарсан штабын хэвлэлийн төлөөлөгч И Сун Жүн сэтгүүлчдэд мэдээлжээ.

Зургаан жил завсарлаад байсан суртал нэвтрүүлгийн цацалтыг өнгөрсөн оны зургаадугаар сард өмнөх ерөнхийлөгч Юн Сүк Ёл сэргээсэн нь Умард Солонгосын талаас хог хаягдал тээвэрлэсэн агаарын бөмбөлгүүд хөөргөсний хариу арга хэмжээ байв.

Үүнээс өмнө ийм аргыг янз бүрийн өдөөн хатгалгын хариуд ашигладаг байсан юм. Ялангуяа 2016 оны цөмийн зэвсгийн туршилтын дараа Сөүл суртал нэвтрүүлгийн цацалтаа эрчимжүүлж байжээ.

Харин энэ оны зургаадугаар сарын эхээр тангараг өргөсөн шинэ ерөнхийлөгч И Жэ Мюн хурцадмал байдлыг намжаах зорилгоор суртал нэвтрүүлгээ зогсоосон юм.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны шинэ сайд Чун Дон Юн энэ жилийн АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах саналыг ерөнхийлөгчид танилцуулах гэж байгаагаа мэдэгдэж байв.

Ойрын өдрүүдэд ерөнхийлөгч И Жэ Мюн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзах гэж байгаа.

Энэ уулзалтын нэг гол сэдэв Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудал байх юм.

Эх сурвалж: Reuters