Дээрхийн гэгээн 14-р Далай лам залгамжлагчаа хэрхэн тодруулах тухай мэдээлнэ

Дэлхийн Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамц 1935 оны долоодугаар сарын зургааны өдөр мэндэлжээ. Далай ламын мэндэлсний 90 насны ойн баярыг энэ даваа гарагаас тэмдэглэж эхэлсэн байна.
Далай ламын насны ойн баярыг энэ долоо хоногт гурав хоногийн турш тэмдэглэхээр төлөвлөжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс шарын шашны томоохон төлөөлөл, ахмад болоод өндөр цол хэргэмтэй лам нар Энэтхэгийн Дарамсала хотын жижиг Лхас гэгддэг Далай ламын амьдарч буй газарт цуглаад байна. Эдгээр хүмүүсийн дунд Холливудын нэрт жүжигчин Ричард Гир багтжээ.
Шарын шашны төлөөллүүд Далай ламын мэндэлсэн өдрийг тэмдэглэхээс гадна нэгэн чухал үйл явдлыг гэрчлэх гэж байна. Насны ойн баярын гурав дахь хоногт буюу маргааш Далай лам хойд дүрээ хэрхэн тодруулах талаар дэлхийн нийтэд танилцуулж магадгүй гэсэн хүлээлт байна.
Далай лам хойд дүрээ тодруулах эсэхээ шарын шашны сүсэгтэн олны хүсэл сонирхлоор шийднэ гэж хэдэн жилийн өмнө мэдээлж байсан. Харин өнгөрсөн хавар хойд дүрээ тодруулах тухайгаа 90 насны ойн баяр дээрээ дэлгэрэнгүй ярина гэдгээ хэлсэн юм.
Нобелийн энх тайвны шагналт, Төвөдийн оюун санааны удирдагч шарын шашны гол залгамжлагч Далай ламын хойд дүрийг тодруулах нь зөвхөн шашны эсхүл Төвөдийн улс төрийн асуудал биш гэдгийг шарын шашинтнууд онцолсоор ирсэн. Энэ бол дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө хийх чухал алхам юм гэж шарын шашны лам нар чухалчилж байна.
Нөгөөтэйгүүр Далай лам 1959 онд Хятадын цэргүүд Төвөдийн бослогыг хүчээр дарах үед төрсөн нутгаасаа зугтаж Энэтхэгийн Дарамсалад цөлөгдөн амьдарч байгаа юм. Тиймээс Далай лам залгамжлагчаа хаанаас тодруулах нь улс төрийн хувьд тун ээдрээтэй асуудал болж байна.
Далай ламыг дэмжигчид Төвөд буюу Хятадын эрх баригчдын харьяаны бүс нутгаас залгамжлагчаа тодруулах нь тааламжтай бус гэж үздэг. Харин Бээжин дэх эрх баригчид Далай ламын хойд дүрийг Хятадаас тодруулах ашиг сонирхолтой байдаг.
Далай лам хавар өгсөн мэдээлэлдээ хойд дүр нь Хятадаас өөр газарт тодорно гэдгийг хэлсэн. Тиймээс Далай ламын дараагийн дүр түүний одоо амьдарч байгаа Энэтхэг улсаас тодорч магадгүй гэж үздэг.
Гэхдээ маргааш бүх зүйл тодорхой болох байх. Маргааш Далай лам шарын шашны томоохон лам, төлөөлөгчидтэй хойд дүрийнхээ талаар ярилцаж шийдэлд хүрнэ гэж хүлээж байна. Түүний хойд дүр эрэгтэй байх уу эмэгтэй байх уу, хаана мэндлэх зэргийг сонсохоор дэлхий даяар тархан суурьшсан төвөдүүд болоод буддын шашинтнууд сонор тавин хүлээх цаг иржээ.
Өчигдөр Далай ламын 90 насны ойн баяр дээр сүсэгтнүүд түүнийг зуу наслахыг ерөөсөн байна. Мөн төвөд хэв маягаар хийсэн давхар бялууг Далай лам амталжээ.