2025-06-25 10:421min00

Үүлний хэмжээ багасаж байгаа нь дэлхийн хэт халалтыг улам нэмэгдүүлж байна

dulaaral

Дэлхийн үүлний хучлагын хэмжээ хурдацтайгаар багасаж байгаа нь дэлхийн дулаарлыг улам нэмэгдүүлж, дэлхий даяар температур дээд амжилт тогтоох шалтгаан болж буйг Австралийн эрдэмтэд оролцсон олон улсын судалгаагаар тогтоожээ.

24 жилийн хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэсэн уг судалгаагаар дэлхийн шуургатай бүсүүдийн 1.5–3 хувийг эзэлдэг үүлэн хучлагын талбай тус бүр арван жил тутамд агшиж буйг илрүүлсэн байна. Энэхүү өөрчлөлт нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бөгөөд салхины чиглэл өөрчлөгдөж, халуун бүс өргөжсөнөөр шуурганы системүүд туйл руу шилжиж байгааг Австралийн Монаш их сургуулийн 21-р зууны цаг уурын онцгой судалгааны төвийн сайтад нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Судалгаанд өгүүлснээр, үүл багассанаар нарны гэрлийг сансарт ойж буцаах чадвар суларч, газрын гадаргуу илүү их нарны энерги шингээж байгаа аж. Ингэснээр хүлэмжийн хийн нөлөөг улам хүчтэй болгож, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байна. Уг судалгааг АНУ-ын Үндэсний Агаар, Сансрын Судалгааны Байгууллага (NASA) Австралийн судлаачидтай хамтран хийж, Geophysical Research Letters сэтгүүлд нийтэлжээ.

Судалгааны хамтран зохиогч, ARC төвийн захирал Кристиан Якоб хэлэхдээ, үүлэн хучлагын бууралт нь дэлхий илүү их нарны энерги шингээж буй гол шалтгаан болж байгааг шинэ судалгаа баталж, сүүлийн үед хурдацтай нэмэгдэж буй дулаарлын гол хүчин зүйл болохыг харуулж байна гэжээ.

“Сүүлийн үед ажиглагдаж буй онцгой дулаарлыг ойлгоход энэ бол маш чухал эвлүүлдэг хэсэг бөгөөд уур амьсгалын нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгцээний дохио юм” хэмээн тэр хэлээд, “ирээдүйн дулаарал хэр хурдацтай, хэр их хэмжээнд явагдахыг урьдчилан тооцоход үүлний үүсэлт ба нарны тусгал хэрхэн өөрчлөгдөхийг нарийн тодорхойлох нь нэн чухал” гэж нэмж хэлжээ.

 

Эх сурвалж: Itoim.mn