ТЦА: Уулзварын голд дрифт хийсэн 21 настай жолоочийн эрхийг ГУРВАН сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгосон

Төв зам дагуу дрифт хийж буй жолоочийн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. Тодруулбал, “Энэ сарын 22-ны өглөө 05.00 цагийн орчимд ЧД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр сургуулийн уулзварт “Toyota Chaser” маркийн тээврийн хэрэгслийг 21 настай, эрэгтэй Т нь жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8.а дахь заалтыг зөрчсөн нь цахим орчинд нийтлэгдсэн бичлэг болон бусад баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-ээр бэлэн бус торгууль оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан” гэлээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.