Эрүүл мэндийн саллбарынхныг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллуулахаар боллоо

2025-06-23 11:381min0
20230623 em1

Улаанбурхан өвчний эрсдэл өндөр, тархалт нь цаашид нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарынхныг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

Тэрбээр өнгөрсөн бямба гарагт салбарын холбогдох албан тушаалтнуудын хамт ХӨСҮТ-д ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчний 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүүхэд энджээ. Энэ төрлийн халдвараар өвчлөгсдийн олонх буюу 71.5 хувь нь урьдчилан сэргийлэх товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй байсныг салбарын сайд энэ үеэр танилцуулав. 0-15 насныхныг нөхөн дархлаажуулж байгаа ч хамрагдалт нь улсын хэмжээнд 30 хувьд ч хүрээгүйг дурдлаа. Иймд сургууль, цэцэрлэг цуглахаас өмнө буюу намар хүртэлх хугацаанд нөхөн дархлаажуулалтыг орон даяар үр дүнтэй зохион байгуулах, баяр наадмын үеэрх эрсдэлүүдийг тооцоолон хариу арга хэмжээ авах нь чухал гэдгийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст анхааруулав. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан, ялангуяа халдварт өвчний голомтод ажилладаг эмч, мэргэжилтнүүд, дархлаажуулалт хариуцаж буй шат шатны эмнэлгүүд есдүгээр сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах үүрэг хүлээлээ.