ТҮЦ-ээс хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч идсэн иргэд хордлогод орж, ХӨСҮТ-д эмчлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ тухай НМХГ, ХӨСҮТ-өөс тодрууллаа.
Ямар нэгэн хаяг шошгогүй, үйлдвэрлэх зөвшөөрөл аваагүй хувь этгээдэд ямар хариуцлага тооцсон тухай НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Батцэцэгээс тодруулахад “Зөвшөөрөлгүй үйлдвэрлэл эрхэлсэн этгээд болон хаяг шошгогүй бүтээгдэхүүн худалдаалсан ТҮЦ-д Зөрчлийн тухай хуулиар тус бүр 500 мянган төгрөгийн торгууль ногдуулж, үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.
Орон сууцанд үйлдвэрлэж, ТҮЦ-үүдэд худалдаалж байсан 127 ширхэг хавчуургатай талхыг НМХГ-аас хураасан байна. Үүний 20 ширхгээс нь шинжилгээ авахаар лабораторид шилжүүлж, үлдсэн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгалд оруулжээ. Үүнтэй холбоотойгоор 27 нэр төрлийн 842 ширхэг бүтээгдэхүүн хураан авсан байна.
ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа хордсон иргэдийн биеийн байдлын талаар хэлэхдээ “Долдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 45 болон нэмэгдсэн. 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол тав нь эмнэлгийн хяналтад гэрээр эмчилгээ хийлгэж байна.
Хордсон иргэд халуурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах гэсэн шинж тэмдэгтэй эмнэлэгт ирсэн. Бид мэдээлэх, ажиллах журмын дагуу яаралтай МХЕГ, НМХГ-т мэдээлсэн. ХӨСҮТ-ийн үзлэгийн эмч лаборатори эмч, тархвар судлалын эмч нараас бүрдсэн баг өнгөрөгч амралтын өдрүүдэд яаралтай арга хэмжээ авч ажиллалаа. Хоёр хүн биеийн байдал хүнд ирж, сэхээнд эмчлүүлж байгаад өчигдөр энгийн тасагт шилжсэн. Бусад өвчтөний биеийн байдал хэвийн, хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна” хэмээн хэллээ.
Дулааны улиралд гэдэсний халдварт өвчний тархалт ихэсдэг. Хэт халалт, бороо ус зэрэг байгалийн хүчин зүйлээс шалтгаалан хөрс, усны бохирдол үүсдэг билээ. Энэ нь халдвар тархах эрсдэлт хүчин зүйл болно. Иймээс иргэд өөрсдийгөө хамгаалахын тулд багахан зарчим баримтлах хэрэгтэй. Баталгаатай газраас баталгаатай бүтээгдэхүүн худалдан авах, тус бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалтын горимыг хангасан эсэхийг сайтар шалгах хэрэгтэйг Н.Сувдмаа анхаарууллаа.
Уг үйл явдалтай холбогдуулан НМХГ-аас наймдугаар сарын 15-ны өдрийн дотор түргэн үйлчилгээний цэгт холбогдох хууль тогтоомж, стандарт зөрчин худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний худалдаалалтыг зогсоох шийдвэр гаргажээ.