Пуэрто-Рико арал улсын засаг захиргааны төв Сан Хуан хотод болсон жагсаалд 200 гаруй мянган хүн оролцжээ. Пуэрто-Рикогийн амбан захирагчийг огцрохыг шаардсан эл жагсаал долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдээлснээр 18 жагсагчдын бие муудаж ухаан алдсаныг эс тооцвол хөдөлгөөн одоогоор энхийн хэлбэртэй явагдаж, ямар нэгэн хохирол болон хохирогчид гараагүй аж.
Associated Press агентлагийн тэмдэглэж байгаагаар бол эл жагсаал тус арлын улсын хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд гарсан хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болжээ. Олныг хамарсан жагсаал Пуэрто-Рикогийн амбан захирагч Рикардо Росселийн туслахуудтайгаа харилцаж байсан цахим захидал ил болсны дараа эхэлжээ.
Амбан захирагч захидалдаа өөртэй нь хамт зураг авахуулсан илүүдэл жинтэй хүнийг жигшин зэвүүцэж, Нью-Йоркийн нэгн улс төрч эмэгтэй болон дуучин Рики Мартин нарын талаар зүй зохисгүй, бүдүүлэг үг хэллэг ашиглан бичжээ. Үүнээс гадна энэ сарын эхээр Пуэрто Рикогийн боловсролын сайд болон өөр таван хүнийг авилгын хэргээр тэр дундаа улсын захиалга биелүүлэх хангалттай чадваргүй боловч амбан захирагчтай холбоотой гүйцэтгэгчийн байгууллагуудад төсвийн хөрөнгөөс олгосон хэргээр баривчилжээ.
Амбан захирагч өөрөө огцрох бодолгүй гэдгээ өмнө нь хэлсэн байна. Пуэрто-Рикод хар салхины дараах сэргээн босголтын ажил хоёр жилийн турш үргэлжилж байгаа явдал нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа аж. Байгалийн гамшигт нэрвэгдсэний дараа тус улсад хүнс, ундны ус, түлшний хомстол бий болжээ.