Дональд Трамп: Хэрвээ хүсвэл бид Афганистаныг долоо хоногийн дотор газрын хөрснөөс арчиж чадна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Пакистаны ерөнхий сайд Имран Ханыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан юм.

Тэдний уулзалтын нэг гол сэдэв нь олон жил үргэлжилж байгаа Афганистаны дайн байлаа. Талибаны талтай тохиролцож, Афганаас цэргээ гаргахад нь Пакистаны нөлөө АНУ-д чухал хэрэгтэй байгааг Трамп энэ үеэр хэлсэн байна.

“Хэрвээ хүсвэл бид энэ дайнд ялж, долоо хоногийн дотор Афганистаныг газрын хөрснөөс арчиж чадна. Гэхдээ би сая сая хүний амийг хөнөөхийг хүсэхгүй байна” гэж Трамп ярьжээ.

Нөгөө талаас эдийн засгийн хүндрэлтэй байгаа Пакистан улсын эрх баригчид АНУ-тай харилцаагаа сайжруулж, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа юм. Терроризмтай тэмцэх үйлсэд хангалттай хувь нэмэр оруулахгүй байгаа шалтгаанаар Дональд Трамп Пакистанд үзүүлдэг тусламжаа зогсоосон байгаа.

Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Осама Бин Ладены амийг хөнөөх зорилгоор Пакистаны эрх баригчдад мэдэгдэлгүй, нутаг дэвсгэр дээр нь нууц ажиллагаа явуулснаар хоёр орны харилцаа эрс муудсан юм.

Дональд Трамп сонгогдсоны дараа харилцаа сайжраагүй.

2018 оны арваннэгдүгээр сард Трамп “Манай тусламжийг аваад юу ч хийхгүй байгаа тул бид дахин Пакистанд тэрбум тэрбумаар мөнгө өгөхгүй. Бин Ладен нэг жишээ нь. Афганистан бас нэг жишээ” гэж твиттер хуудсандаа мэдэгдэж байв.

Энэ мэдэгдэл Исламабадын эрх баригчдыг нэлээд бухимдуулсан юм. Өнгөрсөн оны намар ерөнхий сайдаар томилогдсон Имран Хан үүнд хариулахдаа “Хэдийгээр есдүгээр сарын 11-ний халдлагад ганц ч пакистан хүн оролцоогүй ч АНУ-ын терроризмтай хийж буй дайнд Пакистан улс 75,000 иргэнээ алдаж, $123 тэрбумын алдагдал хүлээсэн” гэж мэдэгдэж байжээ.

Тэр бас АНУ-ын өгсөн нийт тусламжийг ердөө $20 тэрбум гэж мэдэгдсэн юм.

Харин одоо талуудын аль аль нь харилцаагаа хэвийн болгох эрмэлзлэлтэй байна. АНУ-ын засаг захиргаа Афганий асуудлыг шийдэхэд Пакистанаас дэмжлэг хүсэж байгаа.

Трамп өчигдөр уулзахдаа Кашмирын маргааныг шийдвэрлэхэд Энэтхэг, Пакистаны хооронд зуучлах боломжтойгоо Имран Ханд хэлсэн байна.

1947 онд Британийн колоничлолоос салснаас хойш Хималайн энэхүү бүс нутаг цөмийн зэвсэгтэй өмнөд Азийн хоёр гүрний хоорондын гол зөрчил болж байна. Тэднээс гадна Хятад улс Кашмирт газар нутгийн маргаантай байдаг.

Кашмирын асуудлыг шийдвэрлэхэд АНУ-ыг зуучлагчаар оролцохыг Пакистан улс олон жил хүсэж байгаа ч Энэтхэгийн тал хүлээж авдаггүй юм.

Энэтхэгийн захиргаанд байгаа Кашмирын хэсэгт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 70,000 орчим хүн амиа алдсан гэх тоо бий. Энэтхэгийн 500,000 цэрэгтэй энд тулалдаж байгаа босогчдын зарим хэсэг нь Кашмирыг тусгаар тогтнуулах, нөгөө хэсэг нь Пакистанд нэгтгэх зорилготой байдаг.

Эх сурвалж: AFP

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн