Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотын сүмогийн ордонд 15 хоногийн турш болж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдрийг хүртэл дээд зиндааны түрүү бөхийн төлөө их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өрсөлдсөн. Хоёр аварга өчигдрийн барилдаанд оноолт таарч, Какүрюү давснаар 14 даваатайгаар тэмцээнийг тэргүүллээ. Хэрвээ Хакүхо давсан бол хоёр аваргын хооронд нэмэлт барилдаан гарах байсан юм.
Тэмцээний ес дэх өдөр Хакүхо Ичиножёо А.Ичинноровт ялагдаж, тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэлсэн. Энэ боломжийг Какүрюү М.Ананд сайн ашиглаж чадсан бөгөөд 14 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг дуусгалаа.
Хакүхо 12 даваа, гурван унаатай тэмцээнийг өндөрлүүлсэн бөгөөд Ичиножёо А.Ичинноров, Котошогикү, Какүрюү нарт унажээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд зургаа дахь түрүүгээ хүртлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлж байжээ. Энэ жил 33 настай Какүрюү М.Ананд аварга анхны түрүүгээ 2014 оны гуравдугаар сард авч байсан байна. Тухайн үед Хакүхо М.Даваажаргал аварга 28 түрүү аваад байжээ. Өнөө цагийн хоёр аварга долдугаар сарын тэмцээнд томоохон өрсөлдөөн үзүүлж, Какүрюү ялалт байгуулав.
Хакүхо, Какүрюү нартай хамгийн ойр даваатай бөх Тэрүцүёоши байсан бөгөөд тэрбээр 12 даваа, гурван унаатай тэмцээнийг дуусгажээ.
Дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдээс Монголын үлэмж биет гэгддэг Ичиножёо А.Ичинноров есөн даваа авсан бол сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил тав, Дайшёохо Ч.Шижирбаяр зургаан даваатайгаар тэмцээнийг дуусгасан байна.
Бусад зиндаанд Монголын бөхчүүд амжилттай барилджээ.