Йордан улсын Амман хотод эдгээр өдрүүдэд пара таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд 34 орны 149 тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсын паралимпийн хорооны баг тамирчид бүтэн багаараа оролцож байгаагаас медалийн буухиа алтан медалиар үргэлжлэв.
Эмэгтэйчүүдийн К 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа аваргын алтан медалийг хүртэж, Азийн аварга боллоо. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард Туркт болсон пара таеквондогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, “Токио 2020” Паралимпийн наадмын эрхээ авсан билээ. Х.Энхтуяа 2017 онд Лондонд болсон ДАШТ-ээс аваргын алтан медалийг хүртсэн юм. Йорданд болж буй Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн үргэлжилж байна.
Сануулахад, Монголын пара таеквондогийн тамирчдаас Г.Болор-Эрдэнэ /К 44, 61 кг/, Х.Энхтуяа нар “Токио 2020”-д өрсөлдөх эрхээ аваад байна.