Дотоодын агаарын тээвэрлэгч компаниудын нэг “Аэро Монголиа” компани парк шинэчлэлийнхээ хүрээнд 2 дах Embraer ERJ-145LR агаарын хөлгөө өнөөдөр (2019.07.19) угтан авлаа. Тус хөлөг нь 2004 онд Бразил улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд үйлдвэрээсээ гарсан 862 дахь агаарын хөлөг юм байна. ERJ-145LR онгоц нь Long Range буюу холын зайн хувилбар аж.
Агаарын хөлгийн үндсэн өгөгдлүүд:
- Урт: 29,87 m
- Онгоцны өндөр: 6,76 m
- Далавчны дэвээний урт: 20,04 m
- Хамгийн хүнд хөөрөлтийн жин: 22000 кг
- Хоосон жин: 12007 кг
- Бүрэн ачаалах жин: 5786 кг
- Түлшний багтаамж: 6396 литр
- Хөдөлгүүр: Rolls-Royce AE3007-A1 Service ceiling
- Хөөрөлтийн өндөр: 11278 метр
“Аэро Монголиа” компани нь одоогоор орон нутагт Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Алтай, Өмнөговь чиглэлүүдэд, Олон улсад БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү хотууд руу тогтмол нислэг үйлддэг. Шинээр худалдан авч буй ERJ-145 онгоцоороо Олон улсад БНХАУ-ын Тяньжин, ОХУ-ын Новосибирск, Казакстан улсын Усть-Камникорск, Астана зэрэг хот руу нисэхээр төлөвлөжээ.
“Аэро Монголиа” ХХК нь Embraer ERJ-145 маягийн 50 зорчигчийн суудалтай хоёр агаарын хөлгөөр орон нутгийн 8 чиглэл, олон улсын 2 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Анхны Фоккер-50 агаарын хөлгөө 2003 онд, Фоккер-100 агаарын хөлгөө 2006 онд тус тус хүлээн авч байжээ.
Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт олон жилийн насжилттай хуучин агаарын хөлгийг халж, сэнст тийрэлттэй агаарын хөлгийг зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах талаар тусгагдсаны дагуу “Аэро монголиа” ХХК парк шинэчлэлтийнхээ хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сард анхны ERJ-145 агаарын хөлгийг худалдаж авч байсан бол өнөөдөр 2 дахь “Embraer ERJ-145LR”-аа ийнхүү угтан авч байгаа юм байна.
“Embraer ERJ-145LR” бол Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хос тийрэлтэт хөдөлгүүртэй, бүс нутгийн зах зээлд зориулж боловсруулсан онгоц бөгөөд хурд, тохь тух зэргээрээ дэлхийд танигдсан агаарын хөлөг гэж албаныхан тайларлалаа.