“OOGII” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг эх орондоо иржээ. Тэрбээр наадмын дараа Монголдоо ирж, өөрийн брэнд болон Солонгосын алдарт захиалгат хувцасны брендийн монгол дахь салбар “Fotton Garment Mongolia” хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Улаанбаатар хотын “Жаргалан” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн дэлгүүр өнөөдрөөс /2019.07.19/ эхлэн үйлчлүүлэгчдээ хүлээн авч байгаа ажээ. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй 2017 оноос өөрийн нэрийн “OOGII” брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа юм.
Тэрбээр саяхан “Би удахгүй эх орондоо очно. Гэхдээ нэлээд шахуу хөтөлбөртэй очиж байгаа. Миний хувьд Монголоос анх удаа “Australian Asian Business Council”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болж байна. Энэ бол маш том боломж. Монгол бизнесменүүдэд том үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. Надаас бусад нь тэрбумтан, мундаг бизнес эрхлэгчид төлөөлөн удирдах зөвлөлд нь байдаг” тухай ярьсан билээ.