УИХ-ын даргын 57–р захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий дэд ажлын хэсгийн гишүүн Авирмэдийн ЭРДЭНЭБАЯР-аас цөөн асуултад хариулт авлаа.
–Ажлын хэсгийн дүгнэлт гараад багагүй хугацаа өнгөрсөн ч УИХ өнөөг хүртэл энэ талаар хэлэлцээгүй байна. Бүх анхаарал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хандаад байна. Харин энэ хооронд Рио Тинтогийн зүгээс ноцтой тайлбар, мэдээллийг өглөө. Чухам Оюу толгойн төсөл бидэнд яагаад ашиггүй гэж үзэж байгааг тодруулж өгөөч. Далд уурхайг ашиглах ёстой биз дээ?
-Монгол Улсын Их хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч Рио Тинто компанийн удирдлагын багтай үгсэн тохирч Үндсэн Хуулийн 6.1 дэхь заалт болон НҮБ –ын 1962 оны 1803 тоот тогтоолын хэрэгжилтийг хангахыг хүсэхгүйгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар шуурхай зүтгүүлсэн. Гэсэн хэдий ч ард түмэн бидний дуу хоолой, хөрөнгө оруулалтын гэрээний алдаа мадгийг засах, эс бол бүр мөсөн цуцлах талаар олон сар, жилээр өрнөсөн асуудлын хүрээнд 16-30 сараар сунгагдахаар нөхцөл байдал үүссэн. Үүнийг хөрөнгө оруулагч тал тайлбарлахдаа анх хөрөнгө оруулагч нараас босгосон нийт 5.3 тэрбум ам.долларын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх эрсдэлтэй, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад төлөвлөгдөөгүй эрсдэл үүссэн мэтээр тайлбарлаж байна.
Рио Тинто компани Оюутолгойн төслөөс жил бүр 550 мянган тонн зэс олборлохоор төлөвлөсөн хэдий ч дагалдах 21 төрлийн элементийг үнэ төлбөргүй авч ашигладаг. Монгол Төрийн эрх ашиг, ард түмний дундын өмчийн ашгийг зөвхөн хөрөнгө оруулагч тал хүртдэг. Мөн манай улсын цөөн тооны намын нэр дор эвсэн нэгдсэн улс төрийн бүлэглэлийн нөхөд ч хамтран хүртэж, тэр эздийнхээ мөнгөний боол, босгоны шороо болж, Монгол Улсын Үндсэний Аюулгүй Байдлыг үл харгалзан Үндсэн Хуулиас давсан, хөрөнгө оруулагч нарт тал зассан, тэдний эрх ашгийн төлөө бүх төрлийн хуулийг санаачлан, шинэчлэн найруулж, хавсралт журмыг харьяа яам, агентлагаар боловсруулан даган мөрдөж ирснийг нуух юун.
-Баримттай жишээ дурдаж болох уу?
-Тухайлбал бидэнд Оюу толгой ордын ашиглах лицензийг 100 хувь Өмнөд Африкын “Стандарт Чартеред” банкинд эрхийг нь шилжүүлсэн 2015 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн баримт материал байна. Мөн Уурхайн хаалтын ажиллагааны дараа ухсан нүхийг хэрхэн ашиглах тухай гэрээнд цөмийн хог хаягдал булшлах, эсвэл атомын цахилгаан станц барих тухай баримт материал байна. 62 тэрбум төгрөгийн молибедин улсын хилээр хууль бусаар гарсан төдийгүй 21 дагалдах элемент ямар ч татваргүй гардаг талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хурал дээр нотолж хэлсэн байдаг. Гэтэл ийм ноцтой асуудлыг нууж байгаа нь Монгол Төр гэж байхгүй болсны илрэл юм.
-Рио Тинтогийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахгүй, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын хугацааг хойшлуулах, зардлыг нэмэх гэх мэтээр янз бүрийн мэдэгдэл, тайлбарыг өгч байна. Харин Монголын Төр, ард түмэн цаашид яах талаар таны байр суурь ямар байгаа юм бэ?
-Оюу толгойн уурхайн ордын ашиглалтын үйл явцаас хамаарч Монгол Улс, Монголын ард түмэн өрөнд орсон байдлыг тэглэж цаашид өр үүсгэхгүй байх БАТАЛГААГ нэн яаралтай гаргаж, Оюу толгойн ордын 51-ээс дээш хувийг Монголын ард түмэнд эзэмшүүлэх тухай асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй, өөрсдийн эрх ашиг, бүлэглэлийн ашиг сонирхолыг нэгдүгээрт тавьдаг, ард түмнийг цагаан хуудас мэт үздэг УИХ тарах цаг нь болсон. Тэгэхээр нийт Монголчууддаа хандаж хэлхэд Оюу толгой төслийг зогсоохын тулд бүх ард түмнээрээ Үндсэн Хуульд заасан тулгуур үзэл санаа, холбогдох заалтын дагуу, бүх ард түмний нэгдсэн тэмцэл өрнүүлэхээс өөр арга зам үлдсэнгүй. Үүний тулд ойрын нэг, хоёр сарын дотор багтсан шуурхай ажиллагаагаар Оюу толгойг бүсэлсэн бүх ард түмний амьд хэрэм байгуулж, (500 метр тутамд гэр нэг бол майхан барьж уурхайг бүслэх) үйл ажиллагааг нь таслан зогсоож хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах, Оюу толгойг бүх ард түмний мэдэлд, ямар ч болзолгүй, нөхөн төлбөргүйгээр буцаан авах тэмцлийг өрнүүлэх шаардлагатай байна. Тиймээс иргэд та бүхэн facebook.оюутолгойн баялаг ард түмний өмч цахим хуудсанд хандаж, саналаа ил тодоор дэлгэрэнгүй ирүүлнэ үү гэж хүсмээр байна.
Монгол улсын өнөөгийн төр засаг, түүний бүтэц бүрэлдэхүүнд орсон бүх шатны дийлэнх албан тушаалтнууд мөнгөнд худалдагдаж, эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо үгүй хийх хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй боллоо. Тиймээс ард түмэн бид хамтарч өнгөрсөн түүхийн алдааг засаж, ирээдүйн шинэ, зөв замын эхлэлийг тавих түүхэн цаг үеийг нэн яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Төр барьж буй нөхөд өөрсдийнхөө төлөө ард түмнийг, Монгол Улсыг золиослох ёсгүй гэдгийг байнга санаж ав гэж хэлье.
–Түр саатаж ярилцсанд баярлалаа
1 comment
Манай төр засаг үнэхээр хэрэг алга.Яагаад гэвэл гадаадын нэг компанийг толгой дээрээ гаргачихсан татвараа ч гүйцэт авч чадахгүй дээгүүр нь бүгдийг худалдаад авчихсан юм байна л даа! Ийм арчаагүй байгаадаа харамсаж байна.Ингэж чацга цариалж байхаар гаднаас зөвлөх хөлсөлж улсаа авч явбал яасым бэ? Энэ янзаараа Монгол улсыг улс шиг аваад явчих аавын хүү гарч ирэхгүй нь болтой!!! Ингэж дээрэлхүүлж байхаар Ганбаатарын хэлдгээр газар дээр нь зүгээр зар!!!”