“Таван мотоциклын сугалаа ирж гэнэ” гэсэн мэдээ олны ам дамжин сум даяар тарав. Нийт 50 ширхэг сугалааны эрх зарах аж. Нэг сугалааны эрхийг 800 мянган төгрөг, эсвэл сарлагийн хязаалан үхрээр худалдах юм байна. Азтай таван хүн мотоцикл хожно. Харин азгүй 45-д нь тус бүр 200 мянган төгрөг эргүүлэн олгох “дүрэмтэй”. Сугалаа гаргаж буй нөхөр 50 ширхэг эрхээ зараад 40 сая төгрөг цуглуулна. Нэг мотоцикл зах зээлийн ханшаар хоёр сая төгрөгийн үнэтэй. Тэгэхээр нийт өртөг нь 10 сая төгрөг болно. Сугалааны эрх бүрт 200 мянган төгрөг эргүүлэн олгохоор 10 орчим сая төгрөгтэй дүйнэ. Ингэхээр 20 сая төгрөгийн зардал гаргаад, түүнтэй дүйх ашиг олж байгаа биз. Нэг сумаас л 20 сая төгрөгийн ашиг хийнэ гэсэн үг. Хэдэн ч сумд ийм сугалаа зохион байгуулж, ямар ашиг олж байгааг хэн мэдэх вэ.
Нэг талаар ашигтай бизнес байгаа биз. 50 хувийн ашиг бол өндөрт тооцогдоно. Нөгөөтээгүүр, энэ нь луйвар шиг харагдаж буй юм. Хөдөөгийн хэдэн малчинд хэрэгтэй зүйлийг нь санал болгоод, цөөн хэдийг нь баярлуулаад, олонхынх нь мөнгийг халааслаад явчихаар яаж ч шударга байх вэ. Иргэд сайн дурын үндсэн дээр сугалаа худалдаж авч байгаа нь үнэн. Гэхдээ дийлэнхийг нь хохироож байгаа учраас үүнийг санхүүгийн залилан гэж үзэх үндэстэй. 200 мянган төгрөгийг нь буцааж олгоно гэхээр дээрх сугалааны эрхийг 600 мянган төгрөгөөр худалдан авч байгаа гэсэн үг. Тэгээд аз таарахгүй бол хоосон хоцорно. Хүн 5000 төгрөгөөр сугалаа худалдаж аваад юу юм ч хожихгүй бол хохироод сүйд болохгүй. Харин 600 мянган төгрөг гэдэг санхүүгийн бодитой дарамт гэдэгтэй хэн ч санал нийлэх биз.
…Дахиад л сугалаа. Хонины сугалааны хожсон, хожоогүй гэх ам дамжсан яриа замхарч амаагүй байхад дараагийн хүрээд ирэв. Энэ удаа “Ланд круйзер-80” маркийн супер хонжвортой сугалаа иржээ…
Аж ахуйн нэгжүүд эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хуультай. Сугалаа гаргаж буй нөхөд эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байдаг болов уу. Ямар ч зөвшөөрөлгүй, хэдэн төгрөгийн хуримтлалтай явуулын наймаачид өндөр үнэтэй сугалаа гаргаж малчдыг хохироогоод байхыг үгүйсгэхгүй тул үүнд зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Төдөн төгрөгөөс дээш үнэтэй сугалаа гаргаж болохгүй, өндөр дүнтэй байвал хонжворын сан нь ч их байна ч гэдэг юм уу.
Хэдхэн хоногийн дараа “Сумд хонины сугалаа ирлээ” гэсэн зар тарлаа. Хонь өгч чадахгүй нь 130 мянган төгрөгөөр сугалааны эрх худалдаж авах боломжтой гэнэ. Супер хонжвор нь мотоцикл. Хөдөөнийхөн ачааны машинд хонио ачаад, зарим нь мотоцикл дээр дундаа хийгээд сумын төв рүү давхицгаах аж. 100 сугалааны эрх зарах гэнэ. “Хүн нь гүйцээгүй учраас супер хонжвороо хасчихлаа. Тэгээд 60 гаруй хүн сугаллаа” гэчихсэн мотоцикл унаж, эхнэрээ сундалсан эрчүүд гол өсгөж, уруудаж давхилдана.
Сугалааны үйл ажиллагаа болж өнгөрсний дараа “Тэр тийм юм хожиж гэнэ”, “Хэн олон сугалаа худалдаж авсан ч юу ч таараагүй. Их ууртай явж байна лээ” гэх яриа хэдэн өдрийн амны зугаа болох аж. Зарим нь зурагтын антен, “Малчин шар” хэмээх нарны зайгаар ажилладаг хөлдөөгч хожжээ. Овоо дөнгүүр эд хожсонтойгоо зарим малчин жаахан мөчөөрхдөг бололтой “Дараа сугалаа ирвэл заавал оролцоно” гэж дуугарах хүнтэй ч таарав. Энэ бол Архангай аймгийн Хангай сумд өрнөж буй үйл явдлын бодит жишээ, баримт гэдгийг энд онцолъё.
Сумын төвийн урдах малын хашаанд байсхийгээд л мал, машин тэрэг бужигнаад явчихна. Нутгийнхан “Сугалааныхан малаа авч байна” гэж ярилцах. Хонь, үхрээ авчирч хураалгасан нөхөд тал тал тийш давхилдаад арилцгаана. Хөдөөнийхөн маань сугалаа гээч луйврын шинжтэй бизнест ийн суйлуулж байна. “Сугалаачид” ченжүүд дуудаад малыг хэдэн төгрөгөөр борлуулчихаад дараагийн сумын малчдыг суйлахаар арилаад өгдөг бололтой.
Дахиад л сугалаа. Хонины сугалаанд хожсон, хожоогүй гэх ам дамжсан яриа замхарч амжаагүй байхад дараагийнх нь хүрээд ирэв. Энэ удаа “Ланд круйзер-80” загварын машины супер хонжвортой сугалаа иржээ. Ийм өндөр хонжвортой сугалаа мэдээжийн хэрэг олны анхаарлыг татна. Мөнөөх машин нь хэдэн жил ч эдэлсэн юм, бүү мэд. Нарийн ажвал “арьсаа” олон газар будуулсан навсгар эд байх. Цаадуул чинь иймэрхүү зүйлээр л хөдөөнийхнийг хуурч байна. Харин сугалаанд оролцуулах хүнийх нь тоо гүйцээгүй гэдэг шалтгаанаар цуцалсан гэж дараа нь сонссон. Цуцлагдаагүй бол “Ланд круйзер-80”-д санаархсан малчид чамгүй мөнгөөрөө хохироод үлдэх байсан биз.
Бас дахиад л сугалаа. Зэргэлдээх Цахир сумд “Приус-20” загварын машины супер хонжвортой сугалаа иржээ. Сумаас хэдэн машин хүн сугалаанд оролцохоор мордлоо. 800 мянган төгрөгийн үнэтэй сугалаа гэнэ. Бэлэн мөнгөгүй нь хязаалан үхэр, соёолон адуу өгч болох аж. Маргааш нь дахиад малын хашаа руу үхэр, адуугаа ачаад хурдалцгаалаа. Нэг нь мөнөөх супер хонжворыг сугалаад иржээ. Бусад нь адуу, үхрээрээ хохирцгоов.
Сумын наадмын талбайг тойроод дүүрэн сугалаа. 20 мянган төгрөгийн сугалааны хонжворт лааз ундаа таарахаар луйвар шиг санагдаж байгаа биз. Сум бүрт сугалааныхан очдог болсон гэсэн. Хөдөөнийхөн суйлуулж байна.
1 comment
tur anhaaraldaa av.