Ховд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Т.Жаргалсайхан олон тооны тарвага агнасан тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаагаар хориглосон тушаал байдаг ба энэ тушаалын хэрэгжилтэд аймгийн засаг дарга хяналт тавих үүрэгтэй.
Гэвч дээрх зургийг нийтэлсэн мэргэжилтэнд аймгийн удирдлагуудаас ямар нэг хариуцлага тооцох тухай асуудал огт яригдаагүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн Т.Жаргалсайхан нь олон тооны тарвага агнасан уг үйлдлээ өнгөрсөн жилийнх хэмээн тайлбарлаж байгаа ч Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл Амьтны тухай хууль зөрчих хэсгийн 1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай ажээ.