Мэдээлэл, технологийн үндэсний парк” /МТҮП/ ТӨҮГ-ын буюу олны хэлж заншсанаар IT PARK-ын Үйлдвэрчний эвлэл, ажилчдын төлөөллөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт хандан шаардлага хүргүүлжээ.
Тус шаардлагад ““Мэдээлэл, технологийн үндэсний парк” /МТҮП/ ТӨҮГ нь сүүлийн 6 жилд 5 захирал сольж удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд маш тогтворгүй байдалд ороод байна. Гэтэл МТҮП нь Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас /ХХМТГ/ хамаарал бараг үгүй болж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт /ТӨБЗГ/ шилжсэнээс хойш салбарын бодлогын уялдаа холбоо бүхэлдээ алдагдаж, ялангуяа дээд шатны төрийн захиргааны байгууллагаар /ХХМТГ-аар/ дамжин хэрэгжиж ирсэн гадаад хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд ороод байна. Удирдлага богино хугацаанд олон дахин солигдох тоолонд бодлогын залгамж чанар алдагдаж, боловсон хүчин солигдож, өөрчлөгдөн инстутийнхээ хувьд ноцтой хохирол амссаар ирлээ.
Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр манай байгууллагын захирлаар томилогдох хүний асуудал шийдвэрлэгдэх шатандаа орсон тухай мэдээллийг бид авлаа. Энэ талаар Харилцаа, холбоо мэдээлэл технологийн газарт огт мэдэгдээгүй зөвшилцөөгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.1 дэх заалтыг шууд зөрчсөн үйлдэл болж байна.
Гарааны бизнесийг дэмжих үүрэгтэй парк нь өөрөө ашгийн төлөө буюу төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын статустайгаар ажиллаж байгаа нь бодлогын хувьд томоохон алдаа болсон тул Монгол Улсын Засгийн газар энэ шийдвэрийг эргэн харж залруулах зайлшгүй шаардлагатай гэж бид үзэж байна” гэжээ.
Мөн уг шаардлагаар:
- МТҮП-ын паркын статус, дүрмийг өөрчлөн харилцаа холбооны тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасны дагуу инстутийн чиглэлээр хөгжүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргах,
- Паркын статус дүрэм, журмыг өөрчлөн зохион байгуулсны үндсэн дээр захирлыг ХХМТГ-аас томилох,
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.1 дэхь хэсэгт заасны дагуу зөвшилцөөгүй хууль бус томилгооны асуудал явж байгааг нэн даруй зогсоож, асуудлыг үндсээр нь нухацтай судлахыг шаардаж буй аж.
Шаардлагын төгсгөлд “Улс төрийн томилгооны золиос болон, туршилтын хугацаа туулах, “захирал бэлтгэх танилцах дадлагын талбар” нь МТҮП байж болохгүй. Бизнесийн ашиг сонирхолын зөрчилтэй, төрийн ажлын туршлагагүй хүнийг томилуулахыг бид дэмжихгүй. Мэдээлэл технологийн үндэсний паркын статус дүрэм журмыг салбарын бодлого үйл ажиллагаатай уялдлуулахын төлөө тууштай байна. Бид хүсэлт шаардлагаа хуулийн хүрээнд зохих журмын дагуу шийдвэрлэхийг эрмэлзэх ба боломжтой бүх тэмцлийн арга хэлбэрийг сонгож ажиллах болно. Бидний дуу хоолойг үл ойшоовол нийт ажилтнууд, хэвлэл мэдээллийн өргөн оролцоотойгоор тэмцлийн зам хэлбэрийг сонгох болно” гэжээ.