Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва өчигдөр БНСУ-ын Парк гольфын холбооны ерөнхийлөгч И Гым Юн, нарийн бичгийн дарга И Кён Ху, дэд ерөнхийлөгч Кан Ки Юн, Юн Су Ён нарыг хүлээн авч уулзжээ. БНСУ-ын парк гольфын холбооны ерөнхийлөгч И Гым Юны зүгээс Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа гээд тус спортын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн байна. Тухайлбал, тус спорт нь эрүүл мэндэд ач тустайн дээр багийн спорт учраас иргэдийг ойртон нөхөрлөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж олгодгийг хэлжээ. Мөн бүх насны хүмүүс хичээллэх боломжтой, талбай байгуулаад ашиглалтад оруулсан байхад өөр нэмэлт зардал шаардаад байдаггүй гэж. Түүнчлэн тус спортыг сонирхон БНСУ-д жилд маш олон жуулчин очдог, Монгол Улс ч уг спортыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлбэл жуулчдыг тодорхой хэмжээгээр татах боломжтой аж. Уг спорт нь Америк, Хонг Конг, Япон, Хятад гээд олон оронд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Олон услын Парк гольфын холбоо байгуулагдаад байгаа юм байна.
Нийслэлийн ИТХ-ын даргын зүгээс тус спортыг Монголд хөгжүүлэхэд талбай байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, бодлын түвшинд хэрхэн дэмжиж ажиллах талаар холбогдох хүмүүстэй ярилцаж, ажил хэрэг болгоход татгалзах зүйлгүй гэсэн байна. Мөн Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, парк гольфийн холбоо байгуулаад байгаа хүмүүсийн зүгээс хэрхэн хөгжүүлэх талаарх санал, төслүүдээ боловсруулаад, үйл ажиллагаагаа төлөвлөөд хандах үед бүх талаар нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлжээ.