Якутын нэгэн иргэн арслан зааны үсээр хийсэн нэгэн малгайг 10 мянган ам.доллараар худалдах зар тавьжээ.
Энэ малгайн эзэн нь Якутын 44 настай барилгачин Владимир Аммосов гэнэ. Тэрбээр энэ үсийг Усть-Яны дүүрэгт арслан зааны булшнаас ноос цуглуулдаг хамаатнаасаа авсан гэжээ.
“Би анхнаасаа л хэнийг ч хуурахгүй. Тодорхойлолт хүртэл гаргаж, арслан зааны үс гэдгийг баталж байна” хэмээн Владимир ярьжээ.
“Би 2009 онд л Казачьед байдаг хамаатнаасаа мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь энэ үсийг худалдан авсан юм. Тэгээд гэрт хэсэг хэрэглэлгүй хадгалсан. Харин саяхнаас нэхмэлч хөлсөлж, сүлжүүлсэн юм. Мэдээж нэхмэлчид амаргүй байсан. Богинохон хэрнээ сойзны үс шиг хатуу энэ үс нэхмэлчийн хараалыг барсан. Эцэст нь дэлхий дээр хаана ч байхгүй малгай гарсан” гэжээ.
Якутад адууны үсээр хүртэл малгай урладаг байна. Харин энэ удаад мөхсөн амьтны үсээр малгай урлажээ. Энэ малгай нь якутын уламжлалт загвараар хийгдсэн бөгөөд ихэвчлэн эрчүүд үндэсний баяраараа өмсдөг малгайг дууриалгасан гэнэ.
Арслан зааны музейн захирал Семен Григорьев энэ малгайг өмсөж үзсэн, хэтэрхий их хатгадаг гэжээ. “Археологичид арслан зааны үсийг бусад амьтныхтай андуурах боломжгүй. Яагаад гэвэл маш хатуу, үс нь тодорхой бүтэцтэй байдаг. Тэгээд ч бид Владимир Аммосовт тодорхойлолт гаргаж өгөхөөсөө өмнө микроскопоор судалж, харсан. Энэ бол арслан зааны үс яг мөн” гэжээ.
Эх сурвалж: designyoutrust.com