Олон зуун жилийн туршид нийгэмд эмэгтэй хүнийг заавал гэрлэж, гэр бүл зохиосон тохиолдолд л аз жаргалтай, амжилттай амьдарна гэсэн үзэл ноёрхож улмаар энэ нь эмэгтэйчүүдэд сэтгэл санааны дарамт болж, өөрийгөө аз жаргалгүй мэдрэх шалтгаан болсоор ирсэн билээ. Тэгвэл орчин үед энэ байдал аажмаар өөрчлөгдөж байгааг нэгэн сонирхолтой судалгаа баталж байна. Тодруулбал Лондонгийн эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар гэрлэлт, хүүхэд зэрэг амжилтын хэмжүүр болсон уламжлалт хүчин зүйлс нь үргэлж амьдралын аз жаргалтай харилцан хамааралтай байдаггүй болох нь батлагдаж байна. Тэдний хийсэн судалгааны үр дүнд гэр бүл зохиогоогүй ганц бие эмэгтэйчүүд нийгмийн хамгийн эрүүл, аз жаргалтай бүлэг байсан бөгөөд гэрлэсэн бүсгүйчүүдтэй харьцуулахад илүү урт насалдаг болох нь тогтоогджээ.
Сонирхолтой нь гэрлэлт эрчүүдэд илүү “зохьдог” гэдгийг судалгааны багийн ахлагч онцолсон юм. Учир нь эрчүүд гэрлэснийхээ дараа тогтуун болж, эрсдэл хийх нь багасч, өмнөхөөсөө илүү их мөнгө олж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болсноор арай урт насалдаг гэжээ. Гэтэл гэрлэсэн бүсгүйчүүд өөрийгөө бүхлээр нь гэр бүлдээ зориулж, хамаг хариуцлагыг ганцаараа үүрэх гэж хичээдэг тул эсрэгээрээ арай эрт нас барах хандлагатай байдаг гэнэ.
Энэхүү үр дүнд хүрэхийн тулд эрдэмтэд удаан хугацааны турш ганц бие болон гэр бүлтэй хүмүүсийн дунд судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан гэрлэсэн хосууд анхандаа ганц бие хүмүүсээс илүү аз жаргалтай амьдардаг хэмээн мэдэгдсэн байна. Сонирхолтой нь эдгээр хүмүүс судалгааны үеэр зөвхөн хостойгоо нэг өрөөнд хамт байхдаа л ингэж хариулж байжээ. Харин хос нь өрөөнөөс гараад явсны дараа гэр бүлд нь үүсдэг маш олон асуудал, гомдлуудыг тоочиж эхэлсэн байна. Тэдэнтэй харьцуулахад ганц бие хүмүүс илүү бага зовлон тоочдог болох нь тогтоогджээ.
“Хэрэв та эр хүн бол магадгүй гэрлэсэн нь дээр байх. Харин та эмэгтэй хүн бол энэ талаар санаа зовсны хэрэггүй!” хэмээн Лондонгийн эдийн засгийн их сургуулийн профессор, зан байдал судлаач Пол Долан ярилаа. Тэгэхээр өөрийнхөөрөө байж, аз жаргалтай амьдарч л байвал ганц бие байх нь тийм ч муу зүйл биш гэдгийг энэхүү судалгаа баталж байгаа юм.