Нийгэм

Эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа гаргасан хүнд хариуцлага тооцно гэв

Б.Болороо бүсгүйн гэр бүлийн хүн A д тохиолдсон харамсалтай явдалтай холбогдуулж ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж шалга гэдэг үүрэг өгсөн.

Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжын дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж дүнг танилцуулах үүрэг өгч хэрэв цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан байвал буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа юм. Албаны шалгалтын дүнг иргэн мэдээлэх болно гэв.

ЛИФТ ГАЦААД ДОТОР НЬ БАЙСАН ХҮНИЙГ ГАРГААД ХӨЛ АЛДАЖ ДООШОО УНАЖ НАС БАРСАН ГЭДГИЙГ ХЭЛСЭН

Б.Болороо анх энэ хэргийг олон нийтэд нүүр номоороо  дэлгэж, “Зургадугаар сарын 20-ны өглөө над руу нөхрийн ажлаас залгаад “нөхөр чинь шөнө нэг цаг өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа” гэж залгасан. Хоёр  утас нь холбогдохгүй, байж болох бүх л хүнтэй нь холбогдож, байж болох бүх л газраар хайж явсан. Ингээд 22-ны өдөр оршин суугаа харъяаллынхаа дагуу Чингэлтэйн цагдаад очиж эрэн сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүг рүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн “танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан” гэж хэлээд камер үзүүлээгүй.Ингээд би цагдааг хүлээхээс өөр аргагүй болсон. Шөнө болохоор уйлж янз бүрийн юм төсөөлж хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байлаа. Нөхрийн ажлаас залгахаараа л нөхрөө олсон уу, станц түлхүүрээ авъяа л гэдэг.

Долдугаар сарын 1-нд Чингэлтэйн цагдаа дээр очиход намайг хүн гэж хүлээж авахгүй, эрэн сурвалжлах ажиллагаа эхлээгүй байна гэсэн. Тэгээд 126-руу залгаж гомдол хэлтэл эрэн сурвалжлах зараа оруулсан байсан. Нөхрийгөө эргээд ирнэ гэж бодоод хүлээж байсан учраас  цахим хуудас дээрээ хайж байна гэсэн зар оруулахаасаа айж байлаа. Эргээд ирвэл нөхрийг маань муугаар бодох хүн олон байсан болохоор тэвчээд байсан юм. Тэгээд бүр тэсэхгүй болоод пост оруулаад манай дарга нар цагдаагийн дарга нар луу ярьж хэлж байж цагдаа нар хөдөлж эхэллээ. Ингээд долдугаар сарын 8-ны 12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас дуудаад ханийг минь ажлын байран дээрээ зургадугаар сарын 19-20-нд шилжих шөнө лифт гацаад дотор нь байсан хүнийг гаргаад хөл алдаж доошоо унаж нас барсан гэдгийг хэлсэн. Миний нөхрийг гараад явсан, түлхүүр станцаа авъя гэж хэлээд байсан ажлынхан нь оршин суугчдаас лифтнээс өмхий үнэртээд байна гэсэн  гомдлын дагуу очиж үзэж байж мэдсэн байна” гэсэн байдаг. Юутай ч энэ хэрэгт хэн ямар буруутай болохыг тогтоохоор цагдаа нар ажиллаж эхэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close