Нүүдэлчин Монголын ард түмэн өнө эртнээс өөр хоорондоо үгийн сайхнаар мэндчилж, аливаа ажил үйлсийг нь бүтэмжтэй байхыг ерөөн, бэлгэ дэмбэрлийн үгээр биесийнхээ сэтгэлийг цайлгадаг уламжлалтай байж ирсэн. Харамсалтай нь энэ цаг үед ардын сайхан заншил мартагдаж, бэлгэ дэмбэрлийн өлзийтэй сайхан үгс хэлэлцэх нь бүү хэл монгол үгээ мартаж гадаад үгсээр ярилцаж харилцдаг болжээ.
Хуучин цагийн Монголчууд үйл хөдлөл бүртээ бэлгэтэй сайхан үгс, ерөөл магтаал, цацал, даллага, мялаалга хэлж амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн хэлэлцэж байлаа. Үүний учрыг тайлбаас ам хэлээрээ сайхан үгс өгүүлбээс ашид хойчид тэр хүний заяа тавилан бадарч, сайн сайхан амьдрах бэлгэдлийг ерөөж, зааж өгч байгаа гэж ойлгож болно.
Сайн сайхан үгс хүн хэмээгч оюун ухаантанд ямархан нөлөөтэй байдгийг өдгөө сэтгэлзүйн шинжлэх ухаанаас авахуулаад олон салбарын шинжлэх ухаанд баталчихсан байгаа. Хайртай хүмүүсээсээ өглөөд нэг сайхан үг сонсоод гэрээсээ гарахад, ажлын эхлэл дээрээ нэг сайхан урмын үгс хамт олноосоо сонсоход тэр өдөртөө тухайн хүний ажил үйлс бүтэмжтэй, сэтгэл санаа өндөр явдгийг хүн бүхэн мэдэх учиртай. Харин бэлгэгүй муу үгс, хараал зүхлийн үгс нэг сонсоодохвол цээжин дээр бул хар чулуу дарсан мэт зүдэргээнтэй, сэтгэлд сэвтэй явдаг нь бий.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галааридын өгүүлсэн нэгэн түүх бий.
Б.Галаарид “Монголчууд амны бузраас цэрвэж, бэлгэтэй сайхан үгээр хэлэлцдэг нь цаанаа нарийн учир шалтгаантай. Сайн муу хоёр жишээ хэлье. Хилийн цэргийн С.Гүржав гэж генерал бий. Үеийнхэн нь хошууч цолтой байхад хошууч генерал болж цолгорсон нэгэн. Нутгийнхан түүний ийнхүү сайн явааг нь ээжийнх нь амны билэгтэй холбодог.
С.Гүржавын ээж хөдөө нутгийн жирийн нэгэн эмэгтэй бөгөөд хүүгээ хар багаас нь “генерал” хэмээн дууддаг байжээ. Айлд сууж байснаа “За харьж цайгаа чаная даа. Манай генерал хичээлээсээ ирэх цаг болчихож” гээд гараад явчихна. Юм л бол “Манай генерал тэгээд, манай генерал ингээд…” хэмээн хүүгээ ярина. Амжилтад хүрэхэд С.Гүржавын өөрийнх нь мэдлэг чадвар, хичээл зүтгэл гол хүчин зүйл болсон нь ойлгомжтой ч ижийнх нь билэгтэй сайхан үг ерөөлийн гүүр болсон нь дамжиггүй.
Одоо муу жишээг нь хэлье. Миний сайн мэдэх нэгэн эх хүүгээ хар багаас нь “Энэ муу шоронгийн хадаас” гэж загнадаг байв. Өөрт нь таалагдахгүй үйлдэл хийх болгонд энэ үгээрээ загнана. Хачин сэргэлэн хүү хожим нь ялих шалихгүй асуудлаар орон шоронгийн хаалга хэдэнтээ татаж, гандуу гундуу явж байгаад хэдхэн жилийн өмнө хүний хорвоог орхисон доо. Амны бэлгээс ашдын билэг гэдэг дээ” хэмээн өгүүлсэн нь бас нэгэн учрыг илтгэнэ.
5 comments
sonirhoh
sonirhoh
аааааааааааа
Маш сайн
Мм гоё болжээ