ОХУ-ын нийслэл Москва хотод 2011 оны нэгдүгээр сарын 30-нд шилжих шөнө тус улсын Гадаад тагнуулын албаны хурандаа Геннадий Амбарнов учир битүүлгээр таалал төгсчээ. 46 настай Геннадий Амбарновын цогцсыг хүмүүс түүний гэрийн ойролцоо хэвтэж байхыг нь санаандгүй олов. Түүний гэр Гадаад тагнуулын албаны төв байрнаас холгүйхэн байрладаг юм. Тэр үед хурандаа нас бараад хэдэн цаг өнгөрсөн байжээ.
Дараа нь мөрдөн байцаагчид энэ хэргийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой биш байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, ахуйн шинж чанартай хэрэг байж мэднэ гэж үзэв. Талийгаач Геннадий Амбарновын цуснаас шинжилгээгээр их хэмжээний согтууруулах ундаа илэрсэн аж. Тэр хэмжээний согтууруулах ундаа хэрэглээд талийгаач орон зайн мэдрэмжээ алдан өндрөөс тохиолдлоор унаж үхэх аюултай байсан юм. Түүний гэр өндөр барилгын 15 давхарт байрладаг байжээ.
Гэвч сүүлийн хэдэн жилийн хугацаанд Гадаад тагнуулын албаны ажилтнууд нэг бус удаа золгүй тохиолдлоор амиа алдаж байсан нь асуудал дэгдээв. Ийм золгүй тохиолдлоор нийтдээ 30 гаруй ажилтан нь нас барсан аж. Цаасан дээр бол Гадаад тагнуулын албаны ажилтнуудын аюулгүй байдлыг Дотоод аюулгүй байдлын төв хангах ёстой байдаг билээ. Гэвч бодит амьдрал дээр энэ төв гэмт этгээдүүдийн халдлагаас хамгаалж чадахгүй юм. Гадаад тагнуулын албаны ажилтнууд амьдардаг байгууллагын мэдлийн орон сууцанд хамгаалалтыг нь аль 2001 онд үгүй хийсэн байна. Тэр цагаас хойш хэд хэдэн ажилтан балмад этгээдүүдийн гарт өртөн амиа алджээ. Жишээ нь, 2000 оны зургадугаар сард Старый Гай гудамжинд үл таних этгээд Гадаад тагнуулын албаны шинжээч, 54 настай дэд хурандаа Горшковыг хутгалж егүүтгэсэн билээ. Тэр аллагыг үйлдэгч этгээд баригдаагүй аж.
2002 оны зургадугаар сард Демьян Бедныйн гудамжинд үл таних этгээдүүд уг албаны 55 настай ажилтныг зодоод албаны бичиг баримт бүхий цүнхийг нь булааж одсон юм. 2003 оны дөрөвдүгээр сард мөн л үл таних этгээдүүд уг албаны түрүүчийн Полярная гудамжинд орших орон сууцыг дээрэмджээ. Мөн оны аравдугаар сард гэмт этгээдүүд Писцовая гудамжинд байрлах Гадаад тагнуулын албаны хэлтсийн даргын орон гэрт нэвтэрсэн байна. 2004 оны дөрөвдүгээр сард гэмт этгээдүүд Мичуринскийн өргөн чөлөөнд орших уг албаны ажилтны гэрт нэвтрээд тагнуулч эрийн албан хэрэгцээний нөүтбүүкийг хулгайлжээ. Мөн оны аравдугаар сард Изумрудная гудамжинд үл таних этгээдүүд Гадаад тагнуулын албаны ахлах зохион байгуулагч 53 настай эрийн дипломат цүнхийг булаасан аж. 2005 оны зун ажилтнуудын байрны дэргэд уг албаны өндөр албан тушаалын ажилтны хүү бусдад зодуулж, нүүр рүүгээ хүчил цацуулжээ. Дараа жилийн нэгдүгээр сард нь мөн байранд гэмт этгээдүүд нэвтрэн орж, уг албаны нэгэн хэлтсийн даргын гэрт хулгай хийв.
Эдгээр гэмт үйлдлүүдийг цааш нь тоочвол сонины цаас хүрэлцэхгүй биз. Эдэн дунд 2003 онд үйлдэгдсэн Гадаад тагнуулын албаны ажилтан Александр Потеевын гэрт хийсэн халдлага нэг их ялгараад байдаггүй юм. Крылатское өндөрлөг дээр орших орон сууцанд өглөө эрт толгойдоо хар малгай углаж, эрээн хувцас өмссөн хоёр эрэгтэй дайрч орж ирээд гэрийн эзнийг хүүтэй нь хамт зодоод 3300 доллар, 30 мянган рублийг нь дээрэмдээд оджээ. Тэгвэл тэр Потеев гэдэг нөхөр америкчуудад Оросын тагнуулчдын сүлжээг илчилж өгсөн давхар туршуул байсан билээ.
Хэвлэлүүдэд бичсэнээр бол Александр Потеев 1944 онд фашист Германы есөн танкийг устгасныхаа төлөө ЗХУ-ын Баатар цолоор шагнагдсан байлдагч Николай Павлович Потеевын хүү юм. Александр Афганистанд болсон дайнд оролцон баатарлаг гавьяа байгуулж байжээ. УАХХ-ны “Каскад” болон “Зенит” тусгай бүлэглэлд багтан тэр хэд хэдэн удаа тус улсад очиж ажилласан бөгөөд Улаан тугийн одон, хэд хэдэн медалиар шагнагджээ. Улсыг аюулаас хамгаалах байгууллагад цаашид тэрбээр Нэгдүгээр ерөнхий газарт буюу Гадаад тагнуулын албыг хариуцсан хэлтэст ажилласан аж. ЗХУ задран унасны дараа энэ алба Гадаад тагнуулын алба болж өөрчлөгдсөн юм. Энд тэрбээр АНУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй тагнуулчдын ажлыг хариуцсан “С” хэлтсийн даргын орлогч хүртлээ дэвшив.
Хилийн чанад руу оргон зайлахаасаа өмнө Александр Потеев АНУ руу өөрийн эхнэр, охин болон хүүгээ илгээж, ажилд оруулж дөнгөсөн байна. Харин 2010 оны хавар Беларусь улсад суугаа өөрийн хамаатан саднуудтай очиж уулзахаар амралтаа аван өөрийн нэр дээр олгогдсон гадаад паспортыг ашиглан Европ, цаашаа АНУ руу гарч амжжээ. Зарим нэг мэдээллээр бол Гадаад тагнуулын албаны хурандаагийн урвалт түүний эхнэр Маринад үүссэн асуудлуудтай холбоотой гэнэ. Түүнийг оргон зайлахын өмнөхөн АНУ-ын Хууль зүйн яам эхнэрийг нь мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгасан аж. Тэр эмэгтэй Гадаад тагнуулын албаны янз бүрийн сангуудаас гарган зарцуулдаг хөрөнгө мөнгөтэй ажиллаж байгаад тийнхүү баригдсан хэмээн ярилцдаг билээ.
Ямар ч байсан АНУ-д очоод Александр Потеев Холбооны мөрдөх товчооныхонд тэдний улсад ажиллаж, амьдарч байгаа хууль бус туршуулуудаа илчилсэн гэдэг. Үүнийхээ хариуд Потеевын гэр бүл тус улсад оршин суух бүрэн эрхтэй, ажил төрөлтэй болж, төрийн хамгаалалтад оржээ. Хэдийгээр ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин АНУ-д туршуулууд нь илчлэгдсэн явдлыг урвагчдын хийсэн ажил гэж хэлж, Гадаад тагнуулын албаны тэргүүн Михаил Фрадков дэлхийн бүх тусгай албад бүтэлгүйтлийг амсдаг хэмээн хүлээн зөвшөөрсөн ч ямар нэг айхтар дүгнэлт хийгдэж, хариу арга хэмжээ авагдаагүй билээ. Хурандаа Потеевын урвалт өмнө нь ч хийгдсэн зүйл юм. Гадаад тагнуулын албаны экс ажилтан Александр Запорожский мөн л урвахаасаа өмнө АНУ руу гэр бүлээ гаргасан бөгөөд дараа нь АНУ болон Европт үйл ажиллагаа явуулж буй нууц туршуулуудыг илчилсэн аж. Гэхдээ Потеевоос ялгаатай нь мань эр аль эрт үйл ажиллагаа явуулж буй бараг 300 хүний бүрэлдэхүүнтэй тагнуулын сүлжээг илчилжээ.
“Бидний үед ийм зүйл гарна гэдэг байж боломгүй зүйл байлаа. Урвагчид мэдээж байсан. Тэгвэл одоо энэ нь бүхэл бүтэн тогтолцоо болж хувирч байна” хэмээн Гадаад тагнуулын албаны чөлөөнд гарсан хурандаа Алексей Мельник онцлов. Архаг өвчнүүдээ эмчлүүлэхэд материаллаг туслалцаа олгохыг хүсч алба болон ОХУ-ын Засгийн газарт удаа дараа хандаж байгаа энэ ахмад тагнуулч эр үүсээд буй асуудлыг тагнуулын албыг дэндүү арилжааны хэлбэртэй болгосонтой холбон тайлбарлажээ. “Манай зарим нэг ажилтнууд албан тушаалаа ашиглан бараг илэн далангуйгаар бизнес эрхэлж байгаа нь гайхалтай” хэмээн тэр өгүүлэв. АНУ-ын тусгай албад хурандаа асан Александр Потеевын эсрэг өдүүлсэн эрүүгийн хэргийг дуусгавар болгосон гэх мэдээллийг тайлбарлахаас татгалзсан юм.
АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны төлөөлөгч Дин Бойд “Америкийн хууль сахиулах байгууллагууд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийхээс зайлсхийх бөгөөд ноён Потеев тус улсын хилийн дээсийг алхсан гэх мэдээллийг нотлож чадахгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Тагнуулын төв газрын өндөр албан тушаалын ажилтан асан Дональд Жэймисоны үзэж байгаагаар хэрэв хурандаа Потеев үнэхээр л өөрийн мөр зэрэгцэж явсан тагнуулчдыг илчилж, улмаар АНУ-д очиж чадсан бол түүний аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж байгаа нь дамжиггүй аж. “Миний мэдэж байгаагаар оргон зайлсныхаа дараа тэр хүн нэгэн нууцлаг байранд хэдэн сарыг өнгөрүүлэх ёстой байсан. Энэ хугацаанд тэр Холбооны мөрдөх товчооны Сөрөх тагнуулын албаны ажилтнуудтай л харьцах учиртай юм. Цаадуул нь түүнийг давхар туршуул байж магадгүй эсэхийг шалган, хэд хэдэн удаа байцаалт явуулах ёстой билээ” гэж тэрбээр тайлбарлав.
Ноён Жэймисоны үзэж байгаагаар ер нь бол урвагчийг гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамруулдаг бөгөөд тэр хүн болон түүний гэр бүлийн гишүүд шинэ нэр ус, баримт бичигтэй болоод зогсохгүй тэднийг шинэ газар нутагт ажил, амьдралтай болгох бүх зардлыг улс дааж авдаг байна. Мөн тусгай албад тэр туршуулд байнгын ажил санал болгож болдог аж. “Тийм нэг хүн бол ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Станислав Лунев юм. Тэр өнөөг хүртэл АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Тагнуулын төв газрын орон тооны зөвлөхөөр ажиллахын сацуу гэрчийг хамгаалах хөтөлбөрийн хамгаалалтад байгаа билээ” гэж ноён Жэймисон ярив.
Гэвч зарим тохиолдолд энэ практик зөрчигдөж магадгүй. УАХХ-ны хурандаа асан Сергей Третьяков 2000 оны намар Нью-Йорк хотод ажиллаж байхдаа оргон зайлж дөнгөсөн бөгөөд Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хамгийн өндөр урамшуулалтай туршуул болж чадсан гэдэг. Урвасныхаа дараа тэрбээр АНУ-ын тусгай албадаас хоёр сая гаруй доллар хүртсэн бөгөөд үүнийгээ хүртэх ёстой тэтгэлэг гэж мэдэгджээ. Энэ этгээд 2010 оны зургаадугаар сард Флорида мужийн Оспрей хотод байх өөрийн гэрт нас барсан аж. Урвагч этгээд жижигхэн маханд хахаж үхсэн юм. Тагнуулчид тэр дундаа урвагчид байгалийн жамаар үхэх тавилангүй байдаг билээ. Сөрөх тагнуулчид ч ийм хувь тавиланг амсдаг аж. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны терроризмтой тэмцэх хэлтсийн тэргүүн асан Жон О’Нилын үхлийн шалтгаан өнөөг хүртэл тайлагдаагүй байгаа. Хэрэг явдал 1993 онд эхэлжээ. Тэгэхэд хөдөө ажиллаж байсан Холбооны мөрдөх товчооны ажилтан Жон О’Нил Чикагогоос Нью-Йорк хотод дуудагдан ирж Дэлхийн худалдааны төвд болсон дэлбэрэлтийг мөрдөх зургаан хүний нэгээр томилогдсон юм. Тэрхүү дэлбэрэлтээс болж зургаан хүн амь насаа алдсан бол нэг мянга гаруй хүн шархджээ. Энэ хэргийг амжилттай мөрдөн шалгаж, лалын хэд хэдэн хэт даврагчдын саатуулан хорьсноор Жон О’Нил албан тушаалын шат дамжлагыг түвэггүйхэн алгасч эхэлсэн аж. Хоёр жилийн дараа тэрбээр терроризмтой тэмцэх хэлтсийн тэргүүнээр томилогдон Вашингтон хотод байрлах Холбооны мөрдөх товчооны төв байранд очиж суусан юм. Энд тэрбээр Оклахомад болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажлыг хариуцав. Уг дэлбэрэлт есдүгээр сарын 11-нд болсон аймшигт халдлагаас өмнө АНУ-ын түүхэнд гарсан хамгийн том алан хядлагад тооцогдож байлаа.
1997 онд Жон О’Нил албан тушаал ахиж, Үндэсний аюулгүй байдлын хэлтсийг толгойлон АНУ дахь террорист ажиллагааны эсрэг бүх үйл ажиллагаануудыг удирдах болжээ. 1998 онд ноён О’Нил Кени болон Танзани улсууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдын байранд болсон дэлбэрэлтүүдийг мөрдөн шалгах ажлыг удирдсан аж. Тэрхүү халдлагуудын бурууг алан хядагч “Аль-Каида” байгууллагад тохсон билээ. 1997 оноос хойш Жон О’Нил зартай алан хядагч бен Ладеныг барьж авахаар хөөцөлдөж эхэлсэн гэдэг. Ийнхүү О’Нил терроризмын асуудлыг хариуцсан гол шинжээч бөгөөд “Аль-Каида” бүлэглэлтэй тэмцэх гол зэвсэг болсон юм. 2000 онд “Аль-Каида” байгууллагын гишүүн амиа золиослогч нэгэн алан хядагч эр Аден боомтод зангуугаа хаяад байсан “Коул” байлдааны хөлөг онгоцны дор тэсрэх бөмбөгөөр дүүргэсэн резинэн завийг дэлбэлж орхижээ. Цэргийн 17 алба хаагч нас барж, хөлөг онгоц золтой л живээгүй аж. Мэдээж хэрэг, энэ хэргийг мөрдөн шалгах ажлыг О’Нилд даалгасан юм. Яг эндээс эхлэн сонин зүйлүүд болж эхэлсэн гэдэг. Мөрдөн шалгах ажиллагаа анхны үр дүнгээ өгч эхлэхэд түүнийг гэнэт Йемен улс дахь АНУ-ын Элчин сайд Барбара Бодин зогсоожээ.
Хатагтай Бодин 2001 онд Жон О’Нил болон түүний ажилтнуудыг Йемен улс руу дахин нэвтрэхэд нь саад учруулсан аж. Дипломатч эмэгтэй тэдний бүдүүлэг арга барилыг хүлээн зөвшөөрөхгүй байв. Ийм албан ёсны мэдээллийг тараасан билээ. Гэтэл энэ нь үнэнээс хол зөрүү зүйл байлаа. Төрийн департаментын түшмэл учраас Барбара Бодин Хууль зүйн яаманд ямар хүнийг энэ хэргийг мөрдөн шалгахаар илгээхийг зааж зааварлах эрхгүй байсан юм. Эцсийн шийдвэрийг Хууль зүйн яам, Ерөнхийлөгч болон Йемен улсын Засгийн газар гаргах ёстой байдаг билээ. Хэдэн сарын дараа Жон О’Нил Францын сэтгүүлч Жан-Шарль Бризарт өөрийн хувилбарыг өгүүлсэн байдаг. 2001 оны зун Франц улсад Бризарын бичсэн ном хэвлэгдэн гарчээ. Түүн дотроо зохиогч О’Нилын өгүүлснийг дурдсан аж. Тэрхүү мөрдөн шалгах ажиллагааг зогсоох шийдвэрийг Америкийн засаг захиргаа газрын тосны магнатуудын ятгалгад автаж гаргасан гэнэ. Тэд Саудын Араб улстай харьцаагаа муутгахыг хүсээгүй юм.
2001 оны долоодугаар сард Жон О’Нилын удирдлага болох АНУ-ын Ерөнхий прокурор Жон Эшкрофт алан хядагчдын үйл ажиллагаанаас эмээн ердийн зорчигч тээврийн нислэгүүдээр нисэхээ болин хувийн онгоц хөлөглөх болжээ. Тэр үед Финикс, Миннеаполис хотуудад ажилладаг Холбооны мөрдөх товчооны ажилтнууд тэндэхийн нисгэгчийн сургалтад Ойрхи Дорнодын улс, орнуудаас ирсэн сэжигтэй нөхдүүд суралцаж байгааг мэдээлж байсан аж. Гэвч энэ мэдээллийг нарийвчлан боловсруулах ажлыг дээд удирдлагын хэн нэг түшмэл зогсоожээ. Эдгээр мэдээллүүд түүнчлэн ноён О’Нилын ширээн дээр тавигдаж байсан юм. Тэр цагаас эхлэн Жон О’Нилын түүх сонин янзаар өрнөдөг билээ. 2001 оны наймдугаар сарын 19-нд New York Times сонинд нэгэн нийтлэл гарсан бөгөөд түүн дотор Жон О’Нилыг Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын уулзалтын үеэр маш нууц зэрэглэлийн мэдээлэл бүхий гар цүнхээ алдсан гэж буруутгажээ. Хоёр хоногийн дараа үүнтэй төстэй нийтлэл Washington Post сонинд нийтлэгдсэн байна. Тэгвэл тэдгээрт бичсэн үйл явдлууд дэндүү утга учиргүй байсан юм. Тэрхүү мэдээлэлд “Өчигдөр Холбооны мөрдөх товчооны эх сурвалжууд Нью-Йорк хотын терроризмтой тэмцэх хэлтсийн тэргүүнийг шалгаж эхэлсэн талаар мэдээлэв. Тэр хүн нууц бичиг баримт бүхий гар цүнхээ хараа хяналтгүй орхисон байна. Гар цүнхийг нь хулгайлсан бөгөөд хожим өөр нэг зочид буудлаас олжээ” гэж өгүүлэв.
Гар цүнхэнд Нью-Йорк хотод алан хядах ажиллагаа явуулахаар зорьж байсан алан хядагчдад маш үнэ цэнэтэй нэгэн бичиг баримт хэвтэж байсан аж. Сонинд бичсэнээр бол гар цүнхэнд үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан хэлтсийн нэг жилийн тайлан хэвтэж байсан гэнэ. Чандлан хадгалагдах ёстой энэ илтгэлд Нью-Йорк хотод явуулсан бүх сөрөх тагнуулын ажиллагаануудын дүрслэл байсан гэнэ. Тэдгээрийг явуулахад дайчлагдсан хүн хүч болон зардал хөрөнгийг задлан бичсэн байжээ. Уг баримт бичигт тулгуурлан Холбооны мөрдөх товчооны удирдлага дараа жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулдаг аж. Харин цаашид өрнөсөн үйл явдлууд дэндүү онигоо шиг зүйл болжээ. Баригдаж, илчлэгдээгүй хулгайч тэрхүү гар цүнхийг өөр зочид буудалд аваачиж орхиод тэндээсээ бас нэг гар цүнх хулгайлсан гэнэ. Хоёр дахь гар цүнхний эзэн буцаж ирээд орхигдсон цүнхийг онгойлготол огт танихгүй баримт бичгүүд гарч ирсэн байна. Тэр хүн зочид буудлын хамгаалалтын албыг дууджээ. Хамгаалагчид тэдгээрийг үзээд уг бичиг баримтууд нууцын зэрэглэлд хамаарч буйг ойлгон орон нутгийн Холбооны мөрдөх товчооны салбарт мэдэгдсэн аж. Гар цүнхийг ноён О’Нилд хулгайлагдсанаас нь хойш 90 минутын дараа буцаан өгчээ. “Бичиг баримтыг оролдоогүй байсан. Тэднийг эзэнд нь бүрэн бүтэн буцаан өгсөн гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Холбооны мөрдөх товчооны асуудалд ойр эх сурвалж ярьжээ.
Тэрхүү нийтлэл сонинд 2001 оны наймдугаар сарын 21-ний мягмар гарагт гарсан билээ. Тэр өдрөөс яг гурван долоон хоногийн дараа есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагууд үйлдэгдсэн юм. Тэгвэл өгүүлэгдэж буй үйл явдал үүнээс нэг жилийн өмнө буюу 2000 оны зун болсон аж. Гэсэн хэдий ч энэ материал нийтлэгдсэний дараа Жон О’Нил огцрох өргөдлөө бичээд нэг долоон хоногийн дараа албаа орхижээ. Тэрбээр Дэлхийн худалдааны төвийн аюулгүй байдлын албаны даргын албан тушаалыг хаших болсон юм. Наймдугаар сарын сүүлээр ноён О’Нил амралтын өдрүүдээ Нью-Йорк хотын тансаг зэрэглэлийн амралтын газар болох “Хэмптонс” дээр телевизийн АВС сувгийн сурвалжлагч Кристофер Ишэмтэй өнгөрүүлжээ. Энэ сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнан ажилладаг нэгэн байв. Сонирхолтой нь, ноён Ишэм 1998 онд Осама бен Ладентай хийсэн ярилцлагын продюссераар ажилласан нэгэн юм. Ярилцлагыг Африк тивд орших Элчин сайдын яамдын байранд дэлбэрэлт болохоос ердөө хоёрхон сарын өмнө буюу 1998 оны тавдугаар сард хийсэн аж.
2002 онд New Yorker хэвлэлд гарсан нийтлэлд өгүүлснээр бол сүүлчийн уулзалтын үеэр Кристофер Ишэм Дэлхийн худалдааны төвийн аюулгүй байдлыг Жон О’Нил хариуцах болсноор уг төвд алан хядах үйл ажиллагаа явагдана гэдгээс айх хэрэггүй боллоо гэж хошигнон өгүүлсэн байдаг. Үүний хариуд Жон О’Нил “Тэд эхлүүлсэн зүйлээ дуусгахыг оролдож магадгүй юм” гэж хэлжээ. 2001 оны есдүгээр сарын 10-нд Жон О’Нил Дэлхийн худалдааны төвийн аюулгүй байдлын албаны даргын албан тушаалд анхны өдрөө ажилласан юм. Түүний ажлын өрөө Хойд цамхагийн 34 дүгээр давхарт байрлаж байв. Хэвлэлд бичсэнээр бол өөрийн амьдралын сүүлчийн шөнийг Жон О’Нил ханатлаа зугаацаж өнгөрүүлсэн гэнэ. Тэрбээр өөрийн хамгийн дотны найз нөхдүүдийг цуглуулаад алдарт Elaine’s уушийн газарт очиж сархад зооглосон байна. Тэндээсээ China Club-ыг зорьжээ. Тэнд тэрбээр нэгэн найзынх нь хэлснээр удахгүй нэг маш том зүйл болох ёстой гэсэн мэдэгдлийг хийжээ. О’Нил өглөө нь найман цагт босох ёстой байсан ч гэртээ үүрийн хоёр цаг хагаст харьсан аж.
Есдүгээр сарын 11-ний өглөө дайралт хийсэн нисэх онгоцнуудын эхнийх нь Хойд цамхаг руу шунган орсоны дараа Жон О’Нил хүү рүүгээ болон Холбооны мөрдөх товчооны ажилтан нэгэн найз руугаа утасдаад өөрийгөө амьд сэрүүн байна гэдгийг хэлжээ. Тэрхүү дуудлагыг тэрбээр өрөөнөөсөө хийсэн гэж зарим нь үздэг бол бусад нь цамхагаас гараад ярьсан гэж үздэг билээ. Тэдгээр дуудлагыг хийн, утсаар зөвлөлдсөний эцэст Жон О’Нил байшин руу буцаж оржээ. Тэр цагаас хойш хэн ч түүнийг хараагүй гэдэг.
О’Нилын цогцсыг нэг долоон хоногийн дараа олж, таньсан юм. Тэр үед дэлбэрэлт болсон газрын ойр орчимд тоосон утаа татсан хэвээр байжээ. Есдүгээр сарын сүүлээр түүнийг өсч төрсөн Нью-Жерси мужийн Атлантик-Сити хотод нь оршуулсан билээ. Жоны ойр дотны найз нөхөд нь оршуулган дээр түүний эхнэр болон дөрвөн хүүхдийг нь хараад гайхаж хоцорсон гэдэг. Талийгаач эхнэр Кристинээсээ 1991 онд салсан байжээ. Түүний Нью-Йорк хотод очоод дотно харьцаа үүсгэсэн найз эмэгтэй Валери Жэймс “Түүнтэй зургаан жилийн туршид ойр дотно байсан хүмүүсийн дийлэнх нь талийгаачийг Атлантик-Ситид эхнэр, хүүхдүүдтэй байсан гэдгийг нь мэдээгүй юм. Би энэ талаар нэг найзтайгаа ярьтал тэр надад “Жон тагнуулч байсан гэдгийг бид мартах ёсгүй” гэж хэлсэн. Холбооны мөрдөх товчоонд ажиллахдаа тэр өөрийгөө шал өөр хүн болгож орхисон. Ийм ч учраас хэд хэдэн амьдралаар амьдарсан гэж би хэлэх гээд байна” хэмээн өгүүлсэн аж.
Эх сурвалж: tolgoilogch.mn