Энэ оноос Хятадын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгааг олон улсын шинжээчид хэлээд буй. Энэ оны нэгдүгээр улиралд гэхэд тус улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай байсан бол энэ улиралд явуулсан судалгаагаар 6.2 хувь руу унажээ. Үүний тэргүүлэх шалтгаан нь БНХАУ-ын АНУ-тай өрнүүлж буй худалдааны маргаан юм. Худалдааны маргаанаас үүдэлтэй тогтоосон татварын нэмэгдлийн улмаас энэ оны нэгдүгээр улирлын байдлаар АНУ-ын экспорт хоёр, импорт гурван хувиар унаж болзошгүй байгаа. БНХАУ-ын Засгийн газраас мөнгөний зөөлөн бодлого барьж, өсөлтөө дэмжихийг эрмэлзэж байгаа ч нөхцөл байдал дээрдэхгүй байгааг сүүлийн үеийн нөхцөл байдлаас харж болохоор байна. Тиймээс олон улсын шинжээчид БНХАУ-ын өнөөгийн нөхцөл байдалд дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөж байгаа юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны маргаан үүссэн нь тухайн улсуудын эдийн засагт ийнхүү эрсдэл дагуулахаас гадна Азийн голлох индексүүдийг бууруулах эрсдэлийг ч бий болгож байгаа юм.
Сүүлийн үед АНУ, БНХАУ худалдаа арилжааны маргаанаа шийдэх талаар зөвлөлдөж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлээд буй. Тодруулбал, АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стефен Мнучин нар БНХАУ-ын Шадар сайдын орлогч Лю Хю, Худалдааны сайд Жон Шан нартай яриа хэлэлцээ эхэлсэн.
Манай улсын тухайд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа. Тухайлбал, манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний ханшид нөлөөлөх эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын 80 орчим хувийг бүрдүүлж, төсвийн орлогод 2.5 их наядын жин дарах үүрэг хүлээсэн зэс, нүүрсний үнийг шороонд булах эрсдэлтэй. Зэсийн ханш гэхэд оны эхэнд 6200 ам.долларт хүрээд байсан. Харин өнгөрсөн сард 5859 ам.доллар байна. Цаашид ч ханш буурахыг шинжээчид хэлж буй. ОУВС-гийн шинжээчид ч зэсийн ханшийг хэлбэлзэхийг анхааруулсан. Тэгвэл манай улс энэ оны төсөвт зэсийн үнийг тонныг нь 6430 ам.доллараар тооцож, 1.3 мянган тонн зэс экспортлох зорилт тавьсан. Түүнчлэн өмнө дурдсан Хятадын эдийн засаг саарах нь манай экспорт хумигдах эрсдэлийг мөн дагуулах юм.