Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк хүмүүст Facebook аккаунтаа устгахыг зөвлөжээ. Өнгөрсөн жил өөрийн facebook аккаунтаа устгасан тэрээр хувийн мэдээллээ алдахгүйн тулд хүмүүс акаунтаа устгах нь зөв хэмээсэн байна.
Томоохон технологийн компаниуд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлд халдаж буйд Возняк санаа зовниж буйгаа илэрхийлээд “Томоохон технологийн компаниуд лазерын тусламжтайгаар таны зүрхний цохилтыг ч хэмжиж чадна. Мөн тэд маш олон төрлийн төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний цохилтыг тань хүртэл сонсож чадна. Таны утсыг яг одоо чагнаж байгааг хэн мэдэх билээ” гэв.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Возняк Facebook-ээс татгалзаж, Аpple-ийн Ерөнхий захирал Тим Кук болон WhatsApp –ийн үүсгэн байгуулагчдын нэг Брайан Эктонтай нэгдээд байгаа. Тэд Cambridge Analytica-ийн шуугиантай холбоотойгоор нийгмийн сүлжээг бойкотолж буй нь энэ аж
Facebook компани 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийн тулд 50 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашигласан хэрэгт буруутгагдсан. Үүний дараа, 2018 оны арваннэгдүгээр сард Стив Возняк Facebook компани технологиос илүүтэй хүмүүсийг бодох хэрэгтэй. Хүмүүст хувийн мэдээллээ ашиглах боломж олгож, ил тод, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох ёстой хэмээн мэдэгдэж байв.
Үүний дараа АНУ-ын Холбооны худалдааны комисс хэрэглэгчийн мэдээллийг алдсан хэргээр Facebook компанид 5 тэрбум ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргасныг АНУ-ын Хуульзүйн яам дэмжиж байсан юм.