Соёолон насны морьд уралдааныг үзэхээр Хүй долоо худгийг чиглэсэн наадамчдын урсгал өнөө өглөөний 06.00 цагаас эхлэн нэмэгдсэн байна. Замын хөдөлгөөний ачаалал ихэссэн гэж Тээврийн цагдаагийн алба мэдээлжээ.
Өглөөнөөс энэ чиглэлийн замыг хөдөлгөөний нэг урсгалд оруулсан бөгөөд Хүй долоо худагт хурдан морины уралдааны үеэр ачааллын оргил цагт жолоочид хайс хашлага давах, урсгал сөрөх зөрчил түгээмэл гардаг гэж хэв журам сахиулах байгууллагынхан мэдэгдэж байна.
Өнгөрсөн жилийн баяр наадмаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж 16 хүн амь насаа алдаж байжээ.
Өнгөрсөн шөнө Тээврийн цагдаагийн алба нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 орчим иргэнийг саатуулжээ. Харин Хүй долоон худгийг зорих замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол бага байгаа гэнэ.