Францчууд гуравхан хоногийн дараа шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Энэхүү чухал үйл явдалтай холбоотойгоор олонх хэвлэл мэдээлэл 39 настай Эммануэль Макроныг шинэ төрийн тэргүүн болно гэсэн таамаглал дэвшүүлж байна. Тэгвэл францчууд яагаад түүний төлөө саналөө өгөх сонирхолтой байна вэ?
Макроны сонгуулийн аян дэлхий нийтэд түгсэн хоёр технологийг тун чадварлаг хэрэглэжээ. Нэгдүгээрт, тэр аюултай өрсөлдөгчөө зайлуулж чадсан. Түүний гол өрсөлдөгч нь Франсуа Фийон байсан ч эхнэрийнх нь ажил хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дуулиан дэгдэж, хоёрдугаар шатанд үлдэж чадаагүй. Хоёр дахь технологи нь зохиомол онцгой чанар бүтээх юм. Макрон бол жирийн л нэг, байдаг л нэгэн улстөрч. Гэхдээ түүний PR багийнхан масс медиаг ашиглан түүнийг онцгой нэгэн болгон харагдуулж чаджээ.
Залуу, амжилтад хүрсэн, хайр дурлалын өвөрмөц түүхтэй тэрбээр эдийн засгийн байдал сайнгүйгээс болж туйлдсан францчуудын зүрх сэтгэлийг амархан эзэмдэж чадсан байна. Үүнээс гадна өрсөлдөгч Марин Ле Пенээсээ ялгаатай нь Европын холбооноос гарах тухай огт ярьдаггүй, нээлттэй хаалганаас бодлогоос гарах хүсэлгүй, олон соёлт иргэншлийг дэмжигч.
Франц улсыг хүчирхэг гүрнүүдийн нэг байлгаж чадсан де Голль, Миттеран, Ширак нарын араас Саркози, Олланд зэрэг Ерөнхийлөгчид улс орноо тун чиг “арчаа анхиа муутай” авч явж ирсэн. Франц улс гадаад бодлогын хувьд зөвхөн АНУ-ын төдийгүй НАТО, Германы хань хамсаатан болжээ. Эдийн засагт нь асар том асуудлууд үүсч, татварын бодлогын хувьд тэсрэлт болоход ойртсон ийм үед Олланд дахин сонгогдох ямар ч боломжгүй үлдсэн. Тиймээс “Би явж байна, гэхдээ үлдэнэ” гэсэн лоозонтой зальжин арга зохиосон нь энэ гэж улстөрч судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл, Макрон сонгогдсон нөхцөлд өмнөх төрийн тэргүүний үйл хэргийг найдвартай үргэлжлүүлнэ гэсэн үг.
Эммануэль Макрон гэр бүлийн хувьд Брижит Троньё хэмээх эмэгтэйг сонгож, гэрлэсэн. Тэрбээр Амьенед лицейд сурдаг байхдаа буюу 15 настайдаа 39 настай багштайгаа танилцжээ. Эммануэль театрын студид суралцдаг байсан бөгөөд тэрхүү хичээлийг нь Брижит заадаг байсан аж. Тэд нэгэн жүжгийг тавих бэлтгэлийнхээ үеэр ойртон дотносчээ. Өдгөө тэд тухайн үедээ ямар ч гэм нүгэл хийгээгүй гэж баталдаг.
Гэсэн хэдий ч Макроны эцэг эх хүүгээ нас биед хүрсэн, гэрлэсэн эмэгтэйгээс холдуулахын тулд Парист сургахаар явуулж байжээ. Хүү Парис явахаасаа өмнө Брижитийн гэрийн үүдэнд ирээд “Би эргэж ирээд, тантай гэрлэнэ” гэж хэлсэн гэдэг. Ийнхүү тэр амлалтдаа хүрч, 2007 онд багштайгаа гэрлэжээ. Энэ үед Брижит аль хэдийнэ нөхрөөсөө салсан байсан аж. Алдарт хос дундаа хүүхэдгүй. Гэхдээ Макрон Брижитийнхээ гурван хүүхэд, долоон ач зээг өөрийнхөө үр хүүхдүүд гэж боддог гэнэ лээ.
Э.ЗАЯА