Одоо цагт ухаалаг утас, компьютрийн урдаас салахгүй, амьд харилцаагаа мартсан, цахим ертөнцөд худлаа томорордог гээд л бидний үеийнхнийг зэмлэх хүн мундахгүй. Хэрэглээнийхээ хязгаарыг тогтоож чаддаггүй нөхдүүдийн хувьд энэ шүүмжлэл гарцаагүй үнэн. Аа, гэхдээ яалт ч байхгүй заяаныхаа ханьтай, тэр тусмаа маш сайн хүнтэй FB-р учирсан тохиолдол маш олон байгаа учраас энэ ҮНЭН-ээс зайлах аргагүй юм.
Хэдхэн жилийн өмнө утсаар мсж бичиж, их сайндаа л залгаж ярьдаг байсан. Царай зүсийг нь ч хараагүй баагийтай маш их цаг, нэгж, хөдөлмөр зарцуулж харилцаад ганцхан уулзах төдийдөө жигших үе ч байдаг. Өнөөгийн сошиал хөгжсөн цагт бол харин ч таалагддаг хүнээ сонгоход хамгийн тохирсон арга ФБ байж болох юм. Цаг хугацаа хэмнэнэ, царай зүсээ ч харчихна. Тиймээс өчигдөр ганцаардаж, гуниглаж суусан бүсгүй танд заяаныхаа ханийг FB-с олох бяцхан хөгжилтэй зөвлөгөөг өгөх гэж байна.
Эрчүүдийг ходоодоор нь тат: Цаадуул чинь амттай сайхан хоол үргэлж хийдэг эмэгтэйг лав зүгээр өнгөрөөхгүй. Тиймээс хийсэн хоол, зоог, амттан юу л байдаг юм зургийг нь сайхан дараад тогтмол оруулж бай. Хошуугаа цорвойлгосон зургаас тань илүү сэтгэлийг нь татах болно.
Хааяа танихгүй хүнийг найзаараа авч бай: Би таньдаг хүнээсээ өөр хүн хэзээ ч найзаараа авдаггүй. Энэ бодолдоо үнэнч байдаг нууцлаг бүсгүйчүүд олон бий. Гэхдээ хаа нэг дажгүй нүдэнд дулаахан зурагтай залуус байвал найз болчих хэрэгтэй.
Хүсэл мөрөөдлөө илэрхийл: Хосууд гэдэг хүсэл сонирхол, зорьсон чиглэл нэгтэй байх тусмаа илүү бат бөх харилцаатай байж, гайхалтай дурсамжуудыг хамт бүтээж чадна. Ууланд аялаж, явган аялал хийх үнэхээр дуртай бол түүнийгээ илэрхийлсэн зураг оруулж, мэдээ шэйрлэж байгаарай. Хүсэл сонирхол нэгтэй эрэгтэй бол анзаарч л таарна. Ялангуяа дота тоглох, аймшгийн кино үзэх зэрэг цаадуулын чинь хувьд үглэж яншихгүй нь тодорхой санагдахаар эмэгтэй хүнийг бол шүүрээд л авах байлгүй дээ.
Дуртай зүйлтэй, түүндээ гаргадаг цагтай бай: Орой болмогц 20 факт хэлье, хамгийн гоё зургийг чинь өгье, уйдаад байна, юу хийх вэ? гээд бичээд байдаг бол хэр баргийн ухаалаг залуу лав чамайг сонгохгүй. Бараг блок хийх байх. Учир нь эрчүүдэд өөрийн гэсэн зорилготой, дуртай зүйлтэй, түүндээ хэзээд үнэнч байж чаддаг тийм биеэ даасан эмэгтэйчүүд таалагддаг. Тэр ч байтугай түүнийг уулзъя гэж гуйхад нь дуртайяа шуудхан зөвшөөрөхөөс илүү өөрийнхөө сонирхлын дараа нь цаг гаргах нь улам өдөөж өгөх болно.
Үзэгдээд өнгөр: Байнга ФБ-н манаач шиг битгий бай. Үе үе гарч ирээд үе үе алга бол. Ялангуяа групп чат, идэвхтэй бүлгийн гишүүн бол үе үе өөрийнхөөрөө байж түс тас хийсэн сайхан үгээр чатлачихаад нэг хэсэгтээ алга болчихож бай. Тэдэнд үгүйлэн санах мэдрэмжийг төрүүл.
Уйдах боломж бүү олго: Та өөртөө өдөр бүр л хөөрхөн харагдаж байгаа, мэдээж. Тэр бүртээ зургаа дараад оруулчихмаар санагдана л даа, аргагүй. Гэхдээ үзэж байгаа хүмүүст таны толгойны зураг дандаа ороод байх нь үнэндээ сонирхолгүй байдаг. Түүнчлэн нэг өрөөндөө л байгаад байвал хэн ч томруулж харахгүй. Сонирхолтой бай. Энд тэнд очиж, хэзээд нь амжуулдаг байна аа гэмээр адал явдалтай харагдахаар зургууд оруулж бай.
Хүн битгий муул: Хэрүүлч, хараалч, бүдүүлэг охидыг хэн ч хүндлэхгүй. Аая, ямар лаг дисс охин бэ гэж бодно гэж бодож байгаа бол тун ч эндүүрэл. Тэглээ гээд уянгын халил оруулаад, дандаа хүнийг магтаад, хайлаад урсаад бай гэсэн үг биш л дээ. Гэхдээ л хүн лав битгий муулаарай. Шударга охид гоё ч хар энергитай охид эрчүүдийг лав өөртөө татахгүй.
Зөв бичгийн дүрэм: Та нар нэг залуу таалагдаад чатлахад өөдөөс буруу бичээд байвал шал алиа санагдана биз дээ. Saihan amraarai bay! Ийм чат ирвэл үнэн инээд хүрээд, жол санагдаад явчихна. Эрчүүд биднийг бодвол гайгүй. Гэхдээ л гайгүйхэн юмтай танилцмаар байвал гайгүйхэн л байх хэрэгтэй. Алдаатай, нялцганасан юм бичдэг охидыг хүндлэн хайрлах сэдэл төрөхгүй л болов уу.
Эцэст нь хэлэхэд энэ бүхнийг хүчээр хийх хэрэггүй. Хамгийн гол нь байгаагаараа, өөийнхөөрөө байна гэдэг маш ЧУХАЛ. Байгаагаараа байгаад чинь татагдах тэр л эр хүн чиний жинхэнэ заяаны хань байж чадна. Тиймээс өөрийгөө бүү нуу, бүү далдал, бас бүү жүжиглэ, бүх зүйлийн хэмжээг тааруул! Та чадна аа, ирэх жилийн валентин таных..