Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах дөрвөн чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус буюу нийт 637 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөжээ.
Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ.
“Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долоодугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08.00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.