Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсад айлчлан ирсэн БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг өчигдөр Төрийн ордонд угтан мэндчилж, уулзалт хийв.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэ удаагийн айлчлалд нь амжилт хүсч, ноён Ван Чишанийг Монгол Улсад тавтай морилохыг урив.
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа олон сорилт шалгууртай тулгарч, хамтын хүчин чармайлтаар тэдгээрийг даван туулж өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрснийг талууд санал нэгтэй тэмдэглээд, цаашид хамтын хүчин зүтгэлээр стратегийн түншлэлээ шинэ агуулгаар баяжуулан тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан илэрхийлэв.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжиж, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан олон чухал арга хэмжээ хэрэгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.
БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань хариу хэлсэн үгэндээ, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг БНХАУ ямагт хүндэтгэж ирснийг тэмдэглэхийн хамт, харилцан ашигтай, хамтдаа хожсон хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон орон нутгийн харилцааны салбарт хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, энэ өдрүүдэд Монголын Үндэсний их баяр наадам тохиож буйг дурдаад, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг улс түмнүүдийн түүх, соёлыг сонирхон судалдаг хүний хувьд Монголын ард түмний түүх, соёл, ёс заншил, үнэт зүйлсийг шингээсэн давтагдашгүй өвөрмөц баяр ёслолыг үзэж сонирхохыг хүсэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар уулзалтын дараа:
§ “Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах барилга байгууламжийн төсөл”-ийн гэрээ
§ Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ
§ Дорноговь аймгийн Сайншанд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов.
Энэ үеэр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны авто замыг ашиглалтад оруулах, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын самбарын хөшиг нээх ёслол болов.
БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзана. Тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа, Үндэсний Түүхийн музей үзэж сонирхох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.