Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр байхаар хуульчилж, 2009 оноос тэмдэглэж эхэлсэн билээ.
Энэ өдөрт зориулан жил бүр долдугаар сарын 10-нд буюу наадмын өмнөх өдөр Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Сонирхуулахад 1911 онд төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, Цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл ордон, сүм хийд, яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газруудад хийсгэдэг байжээ. Одоогийн хэрэглэж буй Монгол Улсын төрийн далбааг 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэж эхэлсэн. 1949 оны төрийн далбаанаас социалист одыг хассанаараа ялгаатай юм.
Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй.
Далбааны ишний талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулах ёстой. 2012 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Төрийн далбааны стандартыг шинэчлэн мөрдөж эхэлсэн билээ.
Тиймээс өнөөдөр 10.00 цагт Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлнэ.