Якутын бөө Александр Габышев Якутаас нийслэл Москваг чиглэн дөрвөн сарын турш алхаж байна. Тэрбээр 2021 он гэхэд Москвад очиж, Владимир Путин хэмээх “чөтгөр”-ийг зайлуулах гэнэ.
Уг бөө Оросын Ерөнхийлөгчийг хар хүчний амилсан чөтгөр гэж үздэг. Үүнийг бөөгийн тусламжтайгаар л дарах боломжтой гэдэг. Габышев 2000 орчим километр замыг туулах явцдаа хэдэн зуун жолоочтой таарч, интернэтээр бичлэг нь олон ч удаа гарч, хэдэн сая хүн үзсэн байна. Читад л гэхэд орон нутгийн сөрөг хүчнийг дэмжигчид түүнтэй уулзалт хийхээр цугларчээ. Одоогийн байдлаар Габышев 2000 орчим километр зам туулсан бөгөөд Москвад 2021 онд очихоор төлөвлөж байна.
Тэгвэл яагаад ийм удаан алхана гэж? Яагаад гэвэл тэрбээр хүмүүстэй уулзаж ярилцахын тулд байнга саатах шаардлагатай болжээ. Зөрж өнгөрсөн хүмүүс түүнтэй зургаа авахуулж, олон нийтийн сүлжээнд тавихаас гадна хоол хүнс, мөнгөөр тусалдаг гэнэ.
Тэрбээр төлөвлөсөн графиктаа хүрэхийн тулд өдөрт дор хаяж 20 километр алхах хэрэгтэй. Завсарлага авч, хүмүүстэй уулзсаар яваад энэ замыг найман цагийн турш туулдаг байна.
Олон хүн Александрын улс төрийн үзлийг дэмжиж, Путин болон түүний Засгийн газрыг шүүмжилдэг аж. Байгал нуурын өвөр хязгаарт төрийг шүүмжлэх шалтгаан олон. Харин энэ бөө энэ бүгдийг өөрчилж чадна гэсэн итгэлийг хаанаас олов?
“Ардчилал бол айдас хүйдэсгүй байх ёстой зүйл. Өнөөдөр хүмүүс үг хэлэхээс айж байна. Тэднийг халчих вий, цалинг нь хасчих вий гэж айж байна. Төрийн хүч хязгааргүй, чөтгөрийн мэт байна. Ард түмэн хиймэл сэтгэл гутралд орчихжээ. Байгалиасаа үүссэн сэтгэл гутралыг домчид амархан эмчилж чадна. Харин хиймэл сэтгэл гутралыг зөвхөн илбэ, ид шидийн хүчээр дарж болно. Ид шидтэн бол улс орон даяар айдас, сэтгэл гутралын үүлийг хөөж чадна. Харин над шиг цагааны шидтэн зөвхөн үргээж л дөнгөнө. Улстөрч үүнд ашиггүй. Зөвхөн ид шидийг ид шидээр л дардаг юм.
Миний хувьд Путинг явуулна гэдэг ялалт. Хамгийн гол нь чөтгөрийг ялах хэрэгтэй. Тэгвэл хүмүүс өөрөө өөрсдийгөө аргалчихна. Сечин болон Медведевийнхнээс хүчтэй, ухаантай хүмүүс олдож л таарна. Жириновский нь байна уу, Зюганов нь, Навальный нь байна уу, бусад намууд гарч ирэг л дээ. Хамгийн гол нь хүмүүс засагт гарч ирээд, ард түмэн хэнийг сонгохоо өөрсдөө шийдэг л дээ” хэмээн тэрбээр ярьжээ.
Якутын бөө “Якут 14” гэсэн өөрийн гараар хийсэн улсын дугаартай тэрэг чирээд явдаг. Үүнд түүний барьж буулгадаг гэр, зуух, хувцас хунар, эдлэл хэрэгсэл гээд бүх юм бий. Хэдийгээр энэ тэрэг хөнгөн цагаанаар хийсэн боловч 100 килограмм өлхөн хүрнэ гэж бөө хэлсэн байна.
Өмнө нь тэрбээр гагнуурчин, манаачаар ажиллаж, гурван жил ойд амьдарч, нас барсан эхнэртээ бяцхан сүм байгуулаад галзуу хүнээр тооцогдож явсан гэнэ. Түүнийг дахиад галзуу гээд сэтгэцийн эмнэлэгт хүргэхээс айхгүй байна уу гэхэд “Мэдээж тэгэх гэж оролддог. Тэгж л байг. Намайг бурхан хамгаалдгийг би мэднэ. Тэгээд ч би галзуу хүн шиг ярьдаг байж магадгүй. Энэ л миний сул тал” гэж Александр Габышев мэдэгдсэн байна.
sibreal.org