Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих бүтээн байгуулалт эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлаж, улмаар дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд өөрчлөлт оруулсан.
Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээг ХО:5 “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 14 автобус 10-11 минут тутамд, Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн зургаан автобус 26 минут тутамд хүргэх төлөвлөлтийг хийж, үйлчилгээг эхлүүлсэн.
Гэвч Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар үйлчлэх дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байгаа тул дээрх чиглэлүүдэд хийсэн зорчигч урсгал болон авто замын нөхцөлд хийсэн судалгаанд үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн А/664 дүгээр захирамж гарсан тул Налайх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоо, төрлийг нэмэгдүүлэх зохицуулалтыг өнөөдрөөс хийхээр болсон юм.
Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон”чиглэлд 6 их багтаамжийн, 14 дунд багтаамжийн нийт 20 автобусаар 06:20-23:17 цагийн хооронд 8 минут тутамд үйлчилгээ хүргэх зохицуулалтыг хийгээд байна.
Дээрх өөрчлөлттэй холбогдуулж “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлийн үйлчилгээг дээрх өдрөөр тасалбар болгон зогсоолоо. Мөн ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд 2, Ч:12 “Ургах наран-Офицеруудын ордон” чиглэлд 3дунд багтаамжийн автобус тус тус үйлчилгээ үзүүлж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР