Өнгөрөгч Лхагва гарагт барилга дээр ажиллаж байсан иргэн кранд дарагдсан хэрэг гарчээ. Тодруулбал тухайн өдрийн 17 цагийн орчимд Дарь-Эхийн уулзварын хойно баригдаж байсан шинэ барилгын хажууд дахин барилга барихаар суурь ухсан байсан бөгөөд энэхүү нүхэнд кран унаж жолооч нь дарагдсан байна. Энэ тухай дуудлага БЗД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсний дагуу эргүүлийн цагдаа нар очин яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд түргэн тусламж болон Онцгой байдлыг ерөнхий газрын аврагчид мөн ирсэн аж.
Онцгой байдлын ерөнхий газарт харамсалтай нь энэхүү краныг өргөх техник байгаагүй гэнэ. Кранд дарагдсан иргэний биеийн байдал тун хүнд байсан тул цагдаа нар самбаачилга гарган ойролцоох барилга дээр ажиллаж байсан өргөгч краныг авчран тухайн иргэнийг гаргаж авсан бөгөөд энэ үед түргэн тусламжийн ажилчид яаралтай тусламж үзүүлж байжээ.
Ийнхүү хүч хавсран тухайн иргэнийг эсэн мэнд краны доороос гаргаж авсан бөгөөд түүнийг яаралтай ГССҮТ-д хүргэн тархины хагалгаанд оруулсан байна.
Тухайн баригдаж байсан барилга зөвшөөрөлгүй байсан гэх мэдээлэл бий. Харин Онцгой байдлын ерөнхий газрын ажилчид техник байхгүй, намагтай газар гэх шалтгаанаар тусламж үзүүлж чадаагүй ажээ