Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаан 09 цаг 30 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх салбарын танилцуулгыг хийсэн. Харин Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн аудитын үнэлгээг танилцуулав.
Үндэсний аудитын газар үндсэн чиглэлийн биелэлт Батлан хамгаалах яам 100 хувь, Гадаад харилцааны яам 64 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлжээ.
Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа Я.Санжмятав нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Гадаад харилцааны яамнаас дипломат албан паспортыг цэгцлэх, дипломатуудын ур чадвар, хэлний түвшин, ёс зүйг нь дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх, олон улсын тавцад унаад байгаа Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэх алхмуудыг хийх шаардлагатай байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Монгол Улсынн гадаад бодлого нэгдмэл байх ёстой. Үүн дээр салбарын яам анхаарч ажилламаар байна” гэсэн саналыг хэлж байлаа.
Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд Х.Булгантуяа болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд оролцов.
Гэрээний төслийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр, БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ олгохоор тохирсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны 11 дүгээр сарын 10-нд байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан гэдгийг танилцуулгадаа дурдлаа.
Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил, зээлийн хүү жилийн хоёр хувь бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэхээр байжээ.
Харин Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан уг зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна.
Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Ж.Энхбаяр Б.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан, уг зээлийг Монгол Улсын өрийн хязгаарт тооцсон уу, зээлийн төсөл, хөтөлбөрүүдэд өөрчлөлт орох эсэхийг тодруулж байлаа.
Сангийн сайд Х.Булгантуяа “Энэ удаагийн зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах гол асуудал нь зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсоны дагуу хийж байгаа. Монгол Улсын өрийн хязгаарт зээлийн төслийг багтаасан” гэсэн бол
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хятадын талтай зээлийн төсөл, хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг ярилцаж тохирсон. Тиймээс зээлийн гэрээ батлагдсаны дараа санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг судалж, жагсаалт гаргаж УИХ-аар батлуулна” хэмээн нэмж тайлбарлав.
Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийг дэмжиж, Засгийн газар гарын үсэг зурахыг зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Үүний дараа Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохироод байна.
Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийн хүндрэлийн нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, идэвхитэй хамтран ажиллаж байна.
“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын бодлогын зээлийг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна” гэдгийг онцоллоо.
Гэрээний төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авав. Ингээд Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж Засгийн газар гарын үсэг зурахыг зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохироод байна.
Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт бүхий “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирон, идэвхтэй хамтран ажиллаж байна.
“Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг нэг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.
Энэхүү хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, саналаа хэллээ.
Харин Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Засгийн газар гарын үсэг зурахыг зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.5 хувь нь татгалзлаа.
Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монголбанкнаас тодорхой мэдээлэл авсны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргав. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ
Мөн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцлээ.
Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар оролцов.
Уг хэлэлцээрийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулсан байдаг.
Гэхдээ эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонгконг, Макаод зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулахаар ажиллаж байна.
Одоо байгуулах гэж байгаа “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” нь 12 зүйлтэй бөгөөд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, үүнд хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтанг эх оронд шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд багтсан болно гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төслийн талаарх санал, дүгнэлтийг тус тус танилцуулаа.
Хууль зүйн байнгын хорооноос энэхүү хэлэлцээрийн төслүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг ирүүлсэн байв.
Хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар асуулт асуув. Гишүүдийн хувьд хэлэлцээрийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын хэдэн иргэн хилийн чанадад ял эдэлж байгааг сонирхов.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Одоогийн байдлаар хилийн чанадад 14 улсад Монгол Улсын 172 иргэн ял эдэлж байна. БНХАУ-д 48 иргэн ял эдэлж байгаа бөгөөд 178 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ” гэж хариуллаа.
Хуралдааны төгсгөлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь тус тус дэмжих нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.