Тав тухтай сайхан амьдрахыг хэн ч хориглохгүй. Гэхдээ үүнээс болж Оросын Тюменийн №1 засан хүмүүжүүлэх газрын дарга өргөст торны цаана суухаар болжээ.
Тэрбээр шоронгийн хэд хэдэн камерыг “luxury” стилиэр засч, томоохон гэмт хэрэгтнүүдэд өндөр үнээр түрээсэлдэг байжээ. Гэвч тансаглал удалгүй дуусч, хорихын дарга өөрөө хоригдож, жаргаж хэвтсэн хоригдлууд нь түүнийг санагалзаж эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Холбооны аюулгүйн албаны ажилтнууд Тюменийн онц дэглэмтэй хорихын дарга Игорь Чурсиныг саатуулсан байна. Түүнийг авлигын хэргээр баривчилсан бөгөөд хоригдлуудад тав тухтай нөхцөл бүрдүүлж, үр дүнд нь сар бүр 100 мянган рубль авч байсан гэж үзжээ.
Тэгвэл энэ долоо хоногт онц дэглэмтэй хорихын эдгээр “элит байр”-нд хэн сууж байсан нь тодорхой болжээ.
Эхлээд тодорхой үйл явдлаас дурдъя. Тюменийн онц дэглэмтэй №1 хорих ангид хүний амь нас бүрэлгэсэн, онц рецидив гэмт хэрэг үйлдсэн хүмүүс суудаг. Тус хорихын дарга Игорь Чурсан хэд хэдэн өрөөг тохижуулж, цехийн хананы цаана нуужээ. Энэ хэсэг нь хэд хэдэн өрөөтэй, орон сууцны нэг байр маягийн газар. Шоронгийн энэ байранд арьсан буйдан, ширээ, хөргөгч, тэр ч бүү хэл интернэт хүртэл бий. Холбооны аюулгүйн албанаас энд “жаргаж” байсан хоригдлуудын нэрсийг зарлаагүй ч сэтгүүлчид зарим зүйлсийг тодруулж, хоёр хувилбар гаргажээ.
Эхний бөгөөд хамгийн үнэн хувилбар нь энэхүү VIP камерт Руслан хэмээх рецидив гэмт хэрэгтэн, алуурчин, дээрэмчин амьдарч байжээ. Гэмт бүлэглэлд багтдаг энэ хоригдол таксины жолооч нар руу халддаг. 2006 онд эдний бүлэглэл хоёр хүнийг хөнөөж, машиныг нь дээрэмдээд зугтжээ. Руслан нь 2010 оноос эхлэн хоригдож байгаа бөгөөд 2033 он хүртэл байна. Уг хоригдол шоронгийн элит байрыг зохицуулагч байсан бөгөөд нэг өрөөнд нь тэр өөрөө амьдарч, үлдсэн өрөөг нь шоронгийн нөхдөдөө 10 мянган рублиэр түрээсэлдэг байсан.
Өөр нэгэн хувилбараар бол энэ байранд хүний эрүүл мэндэд санаатайгаар онц ноцтой хохирол учруулсан хэргээр зурган жилийн ял авсан нэг нөхөр амьдарч байжээ. Энэ “том нөхөр”-ийн овог нэрийг сэтгүүлчид илрүүлээгүй байна.
Харин шоронгийн дарга Игорь Чурсиныг түр хорих байранд хоёр сарын турш хорихоор болжээ. Одоогийн байдлаар түүнийг өнгөрсөн оны гуравдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл 100 мянган рублийн хахууль авч байсан гэх үндэслэлээр буруутгаж байна. Гэхдээ сэтгүүлчдийн тэмдэглэснээр шоронгийн тансаг зэрэглэлийн байр ганц, хоёр жил ч болоогүй, олон жил болж байгаа гэжээ. “Энэ талаар бүгд л мэддэг байсан. Харин хэн яагаад одоо л ил болгож байна вэ гэдэг нь сонирхолтой асуудал. Чурсиныг баривчлах нь хэн нэгэнд ашигтай байж болзошгүй” гэж эх сурвалжууд мэдээлжээ.