Өнөөдрийн хуралдаанд ирвэл зохих 69 гишүүний 59 нь чуулганы танхимдаа ирж, ирцээ бүртгүүлээд байна.
“Хаврын чуулган 66 өдөр үргэлжилж, 24 удаа 117 цаг хуралдаж 118 асуудлыг хэлэлцэж шийджээ. Байнгын болон дэд хороо 183 асуудлыг хэлэлцсэн. Хаврын чуулганаар 99 хууль 44 тогтоол баталсан нь намрын чуулганаас 50 хувиар илүү байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: “Өмнөх парламентын хариуцлагагүй байдлыг энэ парламент засаж чадлаа. 2012-2016 онтой харьцуулахад тоо болон чанарын том дэвшил гарсан нь тоон үзүүлэлтээр харагдаж байна. Ирц нэмэгдэж, хариуцлага сайжирлаа, чуулган өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, ачаалал ихтэй ажиллалаа” хэмээсэн юм.
Мөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүд ирц бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөхдөө хурууны хээгээр өгдөг болсон нь ирц 60-аас дээш хувь байх боломжийг бий болгосон гэсэн юм.
УИХ-ын гишүүд хууль батлаад зогсохгүй түүнийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилласан бөгөөд нийгэмд тулгамдаж буй олон асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан гэж УИХ-ын дарга дүгнэж байгаагаа илэрхийлэв.
Батласан онцлох хуулиудаа танилцуулахаас гадна УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хариуцсан хороо байгуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллахаар боллоо.
Хаврын чуулган өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган залгуулан үргэлжлэх бөгөөд ээлжит бус чуулганы хамгийн чухал асуудал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал бөгөөд иргэдийн саналыг тусган долоо хэмжиж нэг огтолно гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ.
Мөн Оюу толгойн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг эцэслэх болно гэдгийг хэлснээр УИХ-ын хаврын чуулган хаалаа.