Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний нэгдсэн дүнг батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх тогтоол гаргажээ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээнд нийслэлийн 100 хувийн өмчтэй 520 байгууллага хамрагдсан байна.
Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар мөн Хөрөнгө бүртгэн авах тухай нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тодруулбал, концесс олгох гэрээ болон дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, хандиваар Сонгинохайрхан дүүргийн 15, 17, 12, 22 дугаар хороодод шинээр баригдаж ашиглалтад орсон дөрвөн барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар тогтоол гаргалаа.
Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал бол Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл байлаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ашиглах хамгаалах зорилгоор 32 байршилд нийт 576 620 ам.метр газрыг “Нийтийн эдэлбэр газар”-аар тогтоохоор шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм баталсан юм.
Мөн өнөөдөр Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор 10 иргэнийг шагнах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Уг асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Б.Бямбадоржийн зүгээс нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнах асуудлыг хэт хавтгайруулж болохгүй, энэ бол үнэ цэнэтэй байх ёстой шагнал гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Мөн тус хурлаар Төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ удаад нийслэлийн 533 иргэн, дөрвөн байгууллагыг төрийн шагналаар шагнуулахаар уламжилсан юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Ус сувгийн удирдах газар гэсэн гурван байгууллагыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, “Дашваанжил” компанийг “Алтан гадас” одонгоор шагнуулах тухай асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар шийдвэрлэлээ. Мөн энэ үеэр нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан зарим иргэдийг нийслэлийн ИТХ-ын шагналаар шагнах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ