НИТХ-ын өнөөдрийн хурлаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын дүрэм батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулга хийсэн. “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болгон өөрчилж байгаа юм. “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” нь хотын хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан иргэдийн эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх зэрэг нийт 12 чиглэл бүхий ажил хариуцан гүйцэтгэдэг байсан юм. Тэгвэл “Хот төлөвлөлт, судалгааны институт” орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газар болж, түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах, шаардлагад нийцүүлэн нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх, бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр шинэ дүрэмд тусгаад байгаа юм. Мөн хотын удирдлага, хот байгуулалтын салбарын байгууллагууд, иргэд, аж ахуй нэгж байгууллагыг улсын жишигт нийцсэн хот төлөвлөлтийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, зураг төслөөр хангах үүргийг хүлээж байгаа юм. Хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх зургаан дэд чиг үүрэг, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах есөн дэд чиг үүргийг хэрэгжүүлж байхаар шинэ дүрэмд тусгаад байгаа юм.
Тэргүүлэгчдийн зүгээс тус институтийн үйл ажиллагааны чиг үүрэг, бүтэц, хүний нөөц зэрэгтэй холбоотойгоор асуудлаар хэд хэдэн санал хэлсэн. Тухайлбал, Тэргүүлэгч Б.Бямбадоржийн зүгээс эл газрыг илүү өргөтгөх, тэлэх, үйл ажиллагааг нь дэмжих шаардлагатай гэсэн санал хэлсэн. Тэгвэл ИТХ-ын даргын зүгээс судалгааны чиглэлээр түлхүү ажиллах шаардлага байгааг хэлсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлсон. Тиймээс цаашид Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгах судалгааны ажлыг хариуцан холбогдох тооцоо судалгааг хийх шаардлагатай байгааг хэлсэн юм. Цаашид Улаанбаатар хот орчим шинэ дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүд бий болно. Тэгэхээр үүнийг хэрхэн төлөвлөх талаар судалгааны ажил хийх ёстой хэмээлээ. Ийнхүү “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн”-г “Хот төлөвлөлт, судалгааны институт” болгон өөрчилж, дүрмийг шинэчлэн баталлаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ