Хятадын дээд удирдлагууд гадаадын хөрөнгө оруулагчид, оюуны өмчийн эрхийг хамгаалахад шат дараатай бодлого баримтална гэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян “Зуны Давос” чуулганы үеэр мэдэгдсэнийг Хятадын Гадаад хэргийн яам пүрэв гарагт нийтэлжээ.
“Бид оюуны өмчийг илүү идэвхтэй хамгаалж, түүний хууль ёсны эрх зөрчигдсөн үед нөхөн төлбөр олгох, торгууль ногдуулах системийг бий болгоно. Манай улс боломжтой бүхий л заль мэх, халдлагатай хатуу тэмцэх болно. Хятад улс илүү нээлттэй, ил тод, гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болно. Тэдэнд зориулж бид илүү оновчтой уур амьсгалыг бүрдүүлнэ” гэж Ли Көцян тэмдэглэсэн байна.
Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль хэрэгжиж эхлэхийг сануулаад энэ хугацаанаас өмнө үндэсний эрх зүйн чухал асуудлуудаа зөвшилцөж, тодорхойлж дуусна гэжээ. Дэлхий дахинд байдал хүндхэн байгаа ч Хятад улс олон бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулж, импортод үүсдэг тарифын бус саадыг арилгаж, гадаадын орнуудаас Хятадад нийлүүлэх бараа, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ гэж амлажээ.
“Зуны Давос” чуулган нь Хятад улсад хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг юм. Энэ чуулганаар эдийн засгийн даяаршил, шинэ технологи солилцох, аж үйлдвэрийн хувьсгалын шинэ үе шатанд шилжих асуудлыг хэлэлцдэг. Чуулганы талбар нь улстөрчид, шинжээчид, олон улсын бизнесийн төлөөлөгчдөд шударга өрсөлдөөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцох таатай нөхцөл болдог байна.