Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Бөмбөгөр худалдааны төвд ой долоон сартай охин төөрсөн гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Өнгөрсөн сарын 14-нд тус худалдааны төвийн чихэр, жимс худалдаалдаг лангуун дээр сэжигтэн эмэгтэй нь бага насны хүүхдээ орхин зүүн хаалгаар тойрч, гүйж яваа нь хяналтын камерийн бичлэгт үлдсэн байна.
Энэ дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ.
Сэжигтэн 24 настай Ч, С нар нь хамтран амьдрахын тулд хүүхдээ хаясан гэж цагдаа нарт мэдүүлсэн байна. Хүүхдээ төөрүүлсэн шалтгаанаа сэжигтэн Ч хэлэхдээ ээж аав дээрээ хүүхдээ аваад очиход хэцүү гэж мэдүүлсэн аж. Сэжигтэн С нь “Ээждээ хүүхэдтэй болсноо хэлсэн боловч хүлээж аваагүй, өөрөө мэд” гэсэн юм. Тэгэхээр нь бид хоёр ярьж тохироод тэнд орхисон” гэж тайлбарлажээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 117.1 дэх хэсэгт “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.