Өнөөдөр МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. Тэд монголчуудын хөдөлмөрлөх эрхийг дордуулсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлах гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Хөдөлмөрийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох чухал хууль атал өнгөрсөн хугацаанд мэргэжлийн салбаруудын хамтран зөвшилцсөн долоон асуудлыг байхгүй болгосон гэв. Ажлын хэсэг нийт 170 зарчмын зөрүүтэй томъёоллыг гаргасныг МҮЭХ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ингэснээр ажилтны хөдөлмөрлөх эрхийг дордуулсан гэж үзэж байгаагаа хэллээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлтийн асуудлаар нийгмийн түншлэгч талууд 2013 оноос идэвхтэй ажиллан 2018 оны гуравдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан байна. Нийгмийн түншлэгч талуудын хамтран боловсруулсан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд УИХ-ын гишүүдээс гаргасан санал мэтээр зарчмын зөрүүтэй 170 санал томъёоллыг МҮЭ-ийн холбоонд ирүүлсэн байна. УИХ-ын ажлын хэсгээс түншлэгч талуудын эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ажилтны эрхийг дордуулж, Хөдөлмөрийн хуулийн өмнөх хүрсэн түвшинг дордуулсан, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудад нийцээгүй саналуудыг гарган, мөн түншлэгч талуудад танилцуулалгүйгээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ-д танилцуулж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахаар бэлтгэж байна гэв.
Хорь гаруй хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд болон төрийн, төрийн бус байгууллагууд хоёр хоногийн турш уулзалт хийж, санал гаргасан ч үүнээс хойш гэнэт 170 зарчмын зөрүүтэй саналыг гэнэт оруулж ирсэн хэмээн МҮЭХ-ноос мэдээлж байна. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх, батлахыг эсэргүүцэж хууль санаачлагчдад хандсан ч хариу ирээгүй байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Ээлжийн амралтын үндсэн амралтыг 20 хоног болгоод тухайн байгууллагад хэдэн жил ажилласнаас хамаарч нэмж хоног тооцохоор хатуу заалт оруулсан байна. Ингэснээр өмнөх хуулийн боломж хумигдаж байгаа юм. Мөн нийт ажилчдын 40 хувийг үйлдвэрчдийн эвлэл нэгдүүлж чадаагүй тохиолдолд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг хориглох хуулийн заалт тусгасан байна. Өмнөх хуулиар эвлэлдэн нэгдэж чадсан тохиолдолд хоёр хүн ч хамаагүй үйлдвэрчний эвлэл байгуулаад өөрсдийн тэмцэж чаддаг байсан бол энэ байдлыг хааж байгаа гэнэ. Мөн тухайн байгууллагын ажилчдын 50 хувийг хамруулж чадаагүй тохиолдолд салбарын ҮЭ-ийн холбоо хамтын хэлэлцээр хийхгүй байхыг тоон хязгаарт оруулж ОУ-ын хөдөлмөрийн хэм хэмжээг зөрчсөн. Түүнчлэн ажилтнаас үл хамаарсан сул зогсолтыг хөдөлмөрийн хөлснөөс доош тооцуулахаар болсон байна. Тухайлбал 800 мянган төгрөгний цалинтай хүн сул зогсолтоо 310 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулах авах юм гэнэ. Энэ мэт олон заалтыг дордуулан хэлэлцэх гэж байгааг эсэргүүцэж байна” гэв.