Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажил зэргийг хугацаанд нь хийж дуусгахыг сайд Ц.Даваасүрэнд даалгажээ. Дулааны цахилгаан станц, дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай байлгах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг холбогдох сайд нарт мөн үүрэг болгосон байна. Аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын систем, дулааны станц, халаалтын зуухны засвар, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай хийхийг даалгажээ.
Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн уурын зуухны янданд есдүгээр сарын 15-ны дотор утаа шүүгч суурилуулахаар болсон байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн дэргэд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонн түүхий эд татаж төвлөрүүлэх, 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөцтэй болгохыг хуралдааны үеэр даалгажээ.